Э.Бат-Үүл даргын 500 төгрөгийн тасалбарын ид шидийг үзэх гэсэн хүмүүс өглөөжин төөрч будлив. Олон ч хүн ажлаасаа хоцорлоо. Баянзүрх дүүргийн Жуковын музейн автобусны буудал дээр өглөө 8 цаг 30 минутаас 9 цаг 20 минут хүртэл баахан хүмүүс автобус хүлээлээ. Эхэндээ Офицер- Таван шар, Халдварт чиглэлийн автобус сүрхий явж байсан ч сүүлдээ ямар ч автобус ирэхээ байлаа. “Э.Бат-Үүл дарга хоёр минутын зайтай явна гэсэн яасан бэ” гэсэн хүмүүс олширов. Автобусны буудал дээр 500 төгрөгийн тасалбар борлуулж байсан шар хантаазтай ажилтныг хүмүүс асуултаар булна. “Сансар, 100 айл явахын тулд ямар автобусанд суух ёстой”-г асуусан хүмүүс их байлаа. Гэсэн ч өнөө эмэгтэйд ч мэдэх юм байсангүй. “Сансарын автобус удахгүй ирэх байх аа” гэсэн ч сүүлдээ тэр нь ирэхгүй нь тодорхой болов. Арай хийж ганц нэг автобус ирэхдээ дүүрэн хүнтэй тул бараг зогсохгүй шахам өнгөрнө. Зарим нэг нь ерээд онд зах зээлд шилжиж байсан үед автобусны хойноос элдэж хөөдөг шиг юм болж байж амжиж суулаа. Сүүлдээ буудал дээр бөөн хүн цуглаж, зарим нь такси барихаар болж, зарим нь дараагийн буудал руу алхлаа. Сансарын буудал руу алхав. Хоосон шахам хэдэн автобус сүнгэнэж одов. Сансарын түнээлийн буудал дээр очоод арайхийж автобусны бараа хардаг байна шүү. Сансар 32-ын буудал гэсэн автобусанд суулаа. Хаанаас яаж эргээд байгааг нь лавлахад нэг зорчигч эмээ их л баясгалантайгаар “Офицеороос суугаад 13-ын буудал дээр буугаад нөгөө талынх нь буудлаас суусан чинь Сансар руу эргэж байна. Хоёр өдөр явбал учрыг нь олчих юм шиг байна. Харин зүгээр юм байна” гэж хуучиллаа. “Хаашаа яаж явахаа зарлаж болдоггүй юм уу, хүмүүс ямар автобусанд суухаа ч мэдэхгүй байна” гэхэд кондуктор нь “Зарлаж хашгирч болохгүй гэсэн” гэж дуугарав. Иймэрхүү маягтайгаар ажилдаа хоцорч ирлээ.
Автобусны буудал дээр тасалбар түгээж байгаа ажилтануудаа ядаж мэдээлэлтэй болгох хэрэгтэй байна. Тэднийг тасалбар түгээхээс гадна ямар чиглэлийн автобусанд хаанаас яаж суух талаар хүмүүст зөвлөх чиглэлээр давхар бэлтгэх хэрэгтэй шүү дээ. Будилсан хүмүүст зөвлөгөө өгөх лавлах утас нээж ажиллуулах эрэлт хэрэгцээ байна даа.