Categories
редакцийн-нийтлэл

Түлэнхийн төвд дэмжлэг хэрэгтэй байна

Түлэнхийн төв гэж байсан. Муу ч гэсэн байртай байлаа. Одоо “Мөнгөн гүүр” эмнэлэгт өрөө түрээслэх болсон. Түлэнхийн төвөө байгаад тасаг болчихож. 2012 оноос хойш тасаг нэртэй яваа гэнэ. 2013 оны хоёрдугаар сараас энэхүү “түр хоргодох байр”-ндаа иржээ.   “Уул шугамандаа бол”  300 мянган хүн тутамд  нэг түлэнхийг эмчилдэг тасаг байх учиртай ч өдгөө гурван сая хүнд ганц тасаг ногдох болов. Түлэнхийн  гол хохирогч нь 0-5 насны хүүхдүүд байдаг. Өнгөрсөн жилд гэхэд л 1078  хүүхэд тус тасагт хэвтэж эмчлүүлсэн гэнэ. Харин тус эмнэлэгт хандаж анхны тусламж авсан  хүний тоо  өнгөрсөн жил 4300 байсан агаад  үүний 2800 нь хүүхэд байсан аж.   Улсын эмнэлэг, төсвийн байгууллага учраас эм тарианаас авахуулаад дутагдсан гачигдсан зүйл өчнөөн.  “Нас баралт өндөр байдаг. Эм тариа, боолт материал  их ордог учраас зардал ихтэй. Хүүхдүүд шарх сорвиноосоо болоод бусдаас тусгаарлагдах, сэтгэлийн дарамттай явах нь  бий” гэж Түлэнхийн нөхөн сэргээх тасгийн эрхлэгч Э.Галбадрах эмч хэлсэн юм.  Сэтгэл зүйчээс илүү аминд тулсан зүйл нь мэс засал, эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай байгаа хүчилтөрөгчийн аппарат, зөөврийн монитор, памп  аж.  Эмч нар нь чадлаараа тэмцдэг. Сүүлийн хоёр сарын турш сэхээний тасаг  12-19 хүнтэй байна. Эрчимт эмчилгээний тасагт зургаан орны дунд хоёр ширхэг хүчилтөрөгчийн аппараттай. Уг нь хүнд өвчтөнүүдэд  ийм аппарат хүрэлцдэг  бол  хүний амь насыг аврахад тустай сан. Хоёрхон хүчилтөрөгчийн аппараттай байхад  сэхээний тасгийн өвчтөнүүд  20 хүрсэн тохиолдол бий аж. Судсаар тариа хийдэг памп  аппарат энд  гуравхан бий. Энэхүү аппаратыг  бөөр, зүрхний дутагдалд орохоос сэргийлдэг тариа хийхэд ашигладаг. Нийт хэвтэж  эмчлүүлэгчдийн 70-80 хувь нь мэс заслын болон эрчимт эмчилгээний тасгаар дамждаг гэнэ. Нэг ийм аппарат хоёроос гурван жил ашиглагдана гэвэл мөн ч олон хүний амийг аврах нь тодорхой. Түлэнхийн тасгийн эрхлэгчийн яриаг Камертон хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар буюу Мээдээ анхааралтай сонсч суув. Тэрбээр Түлэнхийн тасагт  юу хэрэгтэй байгааг судлахаар ирсэн юм.   Тасгийн эрхлэгч нь ч олны танил хүн дэмжлэг үзүүлэхээр ирсэнд талархан нөхцөл байдлаа сайтар тайлбарлав. Дуучин Мээдээ түлэнхийн хохирогч болсон хоёр ч жаалын эмгэнэлт түүхийг мэддэг юм билээ. Хол юм шиг сонсогддог түлэнхийн хохирогч нь түүний  таньж мэддэг хүмүүсийн хүрээнд байсан болохоор тэрбээр Түлэнхийн төвийг сонгожээ. Улсдаа ганцхан байдаг энэ тасагт шийдвэр гаргагчдын түвшинд төдийгүй  хүмүүнлэг үйлстэн хэн бүхний тусламж дэмжлэг үгүйлэгдэж байгаа билээ. 

Түлэнхийн төвийн эмч нарыг сургах талаар анхаардаг эсэхийг дуучин залуу лавлаж байна лээ.  Э.Галбадрах эмч 2011 онд Солонгос руу явж сурсан. Дараа жил нь өөр хоёр эмч Францад явжээ. Гэхдээ л өрхийн эмч нар түлэнхийн анхан шатны тусламж үзүүлж чаддаг бол, дүүргүүдэд түлэнхийн тусламж үзүүлэх кабинетууд байдаг бол  түлэнхийн тасгийн хүртээмж  нэмэгдэнэ дээ. “Хотод байгаа мөртлөө бидэнд үзүүлж чадалгүй есөн жил болж байж ирсэн хүүхэд байна” гэж тус тасгийн эрхлэгч хэлсэн юм.            

Түлэнхийг эмчлэхэд  үнэхээр өртөг өндөртэй юм билээ. Түлэгдсэн хойно нь эмчлэх гэж зовсоноос түлэгдэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх нь тустай ажээ. Урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь эцэг эхчүүдэд мэдээлэл түгээх юм.    Хүүхдээ түлж гэмтээхгүйн  тулд юу анхаарахыг сайтар зөвлөхийг Мээдээ хүслээ.   Түлэнхийн  нөхөн сэргээх тасгийн эрхлэгч Э.Галбадрахын  зөвлөгөө үнэхээр энгийн байлаа. Гэсэн ч бид наад захын мэдлэггүй болохоор энэ олон хүүхдүүд эмнэлэгт хэвтэж, зовж шаналдаг нь хүлээн зөвшөөрөхөд хэцүү  бодит үнэн.  

-Хүүхэд орчноо таньж мэдэх насандаа яваа учраас өртөмтгий байдаг. Хамгийн эхлээд амьдрах орчин  аюулгүй байх ёстой гэв. Гэр хорооллын хүүхдүүд түлэгдэж гэмтэх нь их.  Гэрт гал түлдэг зуух ил.  Намхан ширээн дээр халуун хоол, цайгаа тавьчихдаг.  Мөн хүүхдийг хүүхдээр нь харуулах нь их байгаа нь хүүхэд гэмтэх нөхцөл бүрдүүлжээ.

“Халуун зүйл, түлж мэдэх бүхнийг  хүүхэд хүрэхээргүй газар байрлуулах хэрэгтэй” гэж Э.Галбадрах эмч онцолсон. Зуухыг тойруулж  хашлага хийж болно. Халуун тогооноос бага насны хүүхэдтэй айлууд аль болох татгалзах хэрэгтэй.  Халуун тогоотой ус цай, хоол руу бага насны хүүхэд унаж түлэгдсэн тохиолдол маш их гардаг.   Гэр хорооллын айлуудад тохиолддог бас нэг анхаарах зүйл усанд орох гээд ванндаа эхлээд халуун усаа хийчихдэг юм байна. Тэр хооронд  хүүхэд нь гүйж ороод түлэгдчихсэн тохиолдол ч бий. Ядаж эхлээд хүйтэн усаа хийх хэрэгтэй шүү дээ. Халуун хоол идэхдээ хүүхдээ өвөр дээрээ суулгах нь эрсдэлтэй.  20-30 хоногтой нярай дээрээ халуун хоолоо асгаад түлчихсэн  удаатай. Боорцогны тосоо хөргөх гээд хаяандаа тавьчихдаг. Нөгөөдөх рүү нь хүүхэд нь орчихдог. Дээхнэ үед хүүхдээ уячихдаг байсан даа. Болохгүй бол ийм арга хэрэглэхэд ч буруудахгүй гэв.  Хүн бүр түлэгдэх албагүй шүү дээ. Үүнээс сэргийлж болно гэж эмч хэлсэн шүү. 

Нэгэнт түлэгдсэн хойно хийж болохгүй зүйлс бас байдаг гэнэ.

Баавгайн тос, барааны саван, нохойн цус, гутлын тос, элсэн чихэр, үхрийн баас тус бус хор  болдог гэнэ шүү. 

Хэрэв түлэгдсэн тохиолдолд хамгийн түрүүн түлэгдэлт үүсгэж байгаа зүйлээс холдуулаад, түлэгдсэн хэсэг хувцастай бол хувцсыг нь маш болгоомжтой тайлна. Хувцсыг нь тайлсан бол түлэгдэлт лавшрахгүй. Үүний дараа урсгал усанд барих хэрэгтэй. Ус нь тасалгааны температуртай байх учиртай. Крантны хүйтэн ус тохиромжтой байдаг.  Хэт хүйтэн мөстэй  усанд удаан байлгах нь осголтод хүргэсэн удаатай. Хүүхдээ ваннтай хүйтэн усанд удааснаас хатгаа тусгах тохиолдол байжээ.  Тиймээс 10-20 минутаас хэтрэхгүйгээр хүйтэн усанд бариарай. Хүйтэн усанд  түлэгдсэн хэсгийг барих нь мөн өвдөлтийг намдаадаг байна. Үүний дараа өвдөлт намдаах эм өгөөд,  цэвэр материалаар боолт хийн, эмнэлэгт яаралтай хүргэх ёстой. Өвдөлт намдаагаагүй тохиолдолд эмнэлэг хүрэх замд өвчтөн өвдөлтийн шоконд орох аюултай байдаг аж. 

Баавгайн тос  шархыг хурдан төлжүүлдэг гэдэг ч  хүндхэн сорив үлдээдэг байна.             

Түлэнхийн тасгийнхан  нийтдээ 80 ортой. 15 эмчтэй, 28 сувилагчтай ажиллаж байна. Түлэнхийн төвд туслах сайн санаатай хүмүүс гардаг ч өөрийн байргүй болохоор элдэв тоног төхөөрөмж суурилуулахаас авахуулаад олон боломжийг алдсан гэнэ лээ. 

Түлэнхийн төвд хүүхдийн уйлах дуу сонсогдоно. Энэ бяцхан хүүхдүүдийг  түлэгдэж гэмтэхээс сэргийлж болох л байсан. Түлэнхийн төв орхигдсон, мартагдсан хүмүүсийн арал шиг сэтгэгдэл төрнө.  Эрүүл мэндийн яам,  Монголд ганцхан байдаг Түлэнхийн төвийн барилгаа хурдан бариулж өгөөч. Төрийн эрх мэдэлтэнүүдийн анхаарлын гадна үлдсэн  аврал эрсэн хүүхдүүдэд тусламжийн гараа сунгаач, олон түмээн. 

Б.Янжмаа   

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *