Categories
мэдээ нийгэм

ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх чанга дэглэмтэй хориход ял эдэлнэ

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан С.Батмөнх нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд энэ сарын 18-19-нд хэлэлцсэн юм. ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Батмөнх, тус газрын Санхүү, эдийн засгийн ерөнхий менежер асан Г.Наранцэцэг, Агаарын тээврийн бодлого зохицуулалтын ерөнхий менежер, газрын дарга асан Д.Эрдэнэбат нарыг эд хөрөнгө завшсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан гэсэн үндэслэлээр АТГ-аас багагүй хугацаанд шалгасан.

Хэргийн холбогдогч нар ИНЕГ-ын харьяа “Чингис хаан” олон улсын буудлын инженер, техникийн ажилтнуудын хийх боломжтой, ажил үүргийн хуваарьт нь тусгасан “Оператор”- ын хөрөнгийг завшихын тулд “Электрон системс” ХХК-ийг тендерт хууль бусаар шалгаруулжээ. Улмаар тус компанийн дансанд нэг тэрбум гаруй төгрөг шилжүүлж, улсад хохирол учруулсан байна.

Мөн “Медиа саммит лимитед” компанийн Хонконг дахь HSBS банк дахь харилцах дансанд 150 мянган ам.доллар шилжүүлж, “Электрон системс” ХХК-ийн “Голомт” банк дахь дансаар 144.960 мянган ам.долларыг буцаан авч мөнгө угаасан нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж шүүх үзжээ. “Электрон системс” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан М.Батболдод чанга дэглэмтэй хорих ангид долоон жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан, төсвийн хөрөнгө завшсан буруутайд тооцон зургаан жил зургаан сарын хугацаанд чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болсон байна. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон гурван хүнээр улсад учруулсан нэг тэрбум 62.9 төгрөгийг төлүүлэх, тодорхой хэмжээний эд хөрөнгийг нь хураахаар шийдвэрлэжээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *