Categories
мэдээ нийгэм

Б.Ган-Очирт гэмшсэн шинж байсангүй

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн VI хорооны дөрөвдүгээр байранд 25 настай Б.Ган-Очир нь эхнэр Х-тэйгээ муудалцаж,  хайчаар хүзүүн тус газар хэд хэдэн удаа хатгаж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан билээ. Б.Ган-Очирт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн  Эрүүгийн нэгдүгээр шүүхэд өчигдөр өглөө 10.00 цагаас эхэлж, үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж сэжигтэн Б.Ган-Очирт 23.9 жилийн ял оноох шийдвэрийг гаргасан юм. Түүний өмгөөлөгчийн зүгээс энэ үеэр давж заалдана гэдгээ мэдэгдсэн байна. Хохирогч бүсгүйн ар гэрийнхэн “Шүүхийн шийдвэр шударга байлаа. Гэвч Б.Ган-Очирт ер гэмшсэн шинж байсангүй. Өнгөрсөн хугацаанд тэр бидний хэнтэй нь ч холбогдоогүйгээр барахгүй талийгаачийг оршуулах ёслолд ганц ч төгрөг нэмэрлээгүйд нь гомдолтой байна. Шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгч бодит үнэнийг гуйвуулж худлаа ярьж байсан” гэж ярьжээ. Хохирогчийн ар гэрийнхэн охиноосоо үлдсэн ганц хүүхдийг нь асарч байгаа. Гэтэл Б.Ган-Очирын талынхан хүүхдийг өөрсөд дээрээ авахын тулд янз бүрээрээ оролдож байгаа гэнэ. Хэрвээ энэ байдал цааш үргэлжилвэл хохирогчийн ар гэрийнхэн Хүний эрхийн үндэсний комисс болон хүүхдийн эрхийг хамгаалдаг бусад байгууллагад хандахаар төлөвлөж байгаа аж. Тэд “Бид нэг хүнээ алдчихлаа. Одоо охиноос минь үлдсэн ганц үрийг нь алдмааргүй” хэмээн болгоомжилж байгааг илэрхийллээ. 

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *