Categories
мэдээ спорт

Боксчид дөрвөн медаль хүртжээ

Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Үйтүмэнгээр ахлуулсан манай боксчид “Тайпей сити Кап” тэмцээнд амжилттай оролцож, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.

Тодруулбал, энэ сарын 6-13-нд Тайвань улсын нийслэл Тайбей хотноо Олон улсын А зэрэглэлд тооцогддог “Тайпей сити Кап” тэмцээн дөрөв дэх удаагаа зохион байгуулагдсан юм. Тэмцээнд БНСУ, Тайланд, Индонез, Япон, ОХУ, Австрали зэрэг 18 орны 80 гаруй тамирчид өрсөлдсөн байна. 

Ингэхдээ манай тамирчдаас 60, 64 кг-ийн жинд “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Б.Жавхлан, залуу мастер А.Бадар-Ууган, 75 кг-ийн жинд улсын шигшээ баг, АПУ компанийн тамирчин Ази тивийн аварга Э.Уянга нар тус тус мөнгөн медаль хүртсэн бол 52 кгийн жинд Сэлэнгэ аймгийн спорт хорооны тамирчин Э.Энхтөр хүрэл медаль хүртжээ. Тив, дэлхийн аваргын медальтнууд оролцсон тус тэмцээний сонирхолтой тулаануудын нэг нь Ази тивийн аварга ОУХМ Э.Уянга, Казахстаны боксчин 2012 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Юлдиз Маматкулова нарын хооронд болсон. Ширүүн өрсөлдөөн Монголын боксчны ялалтаар өндөрлөжээ.

ОУХМ Б.Жавхлан аваргын төлөө Лондонгийн олимпод оролцсон шилдгүүдийн нэг өмнө нь Ази тивийн аваргаар мөнгөн медалийн төлөө тулаанд ганцхан оноогоор ялагдаж байсан Тайландын боксчин Арди Сэйломтой тулалдаж даагаа нэхэх боломж гарсан ч гэмтлийн улмаас тулалдсангүй. Тэмцээний шилдэг боксчноор 56 кг-ийн жинд “Хангарьд” спорт клубийн тамирчин Ц.Пүрэвсүрэнг нэгийн даваанд ялж цаашид давсаар аваргалсан БНСУын боксчин Хам Сангмеонг тодорчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *