Бүгд Найрамдах Франц Улсын Монтуар хотноо 2014 оны энэ сарын 12-17-ны өдрүүдэд “Дэлхийн соёл” уриан доор зохиогдож буй Монтуарын ардын урлагийн олон улсын 42 дахь удаагийн фестиваль боллоо. Уг фестивальд манай улсаас анх удаа Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид амжилттай оролцлоо.
Энэхүү фестиваль нь Монтуар хотноо жил бүр зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн тив бүрээс үндэсний дуу, бүжгийн хамтлаг, уран бүтээлчид оролцдогоороо онцлогтой бөгөөд 20 мянга орчим үзэгчид үздэг гэдгээрээ нэр хүндтэй том фестиваль ажээ.
Энэ удаагийн фестивальд Францын Британи муж, Бутан, Вьетнам, Канарын арлууд, Куба, Уругвай, Ирланд, Хорват, Кени Улсын уран бүтээлчид үндэсний дуу, хөгжим бүжгийн үзүүлбэрүүдээ танилцуулсан байна.
Дашрамд хэлэхэд, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театр, “Үүрдийн Монгол” Төрийн бус байгууллагын хамтарсан гэрээний дагуу эдгээр уран бүтээлчид өнгөрөгч тавдугаар сарын 28-наас эхлэн энэ сарын 19-ныг хүртэлх хугацаанд Франц Улсад зохиогдсон нийт 14 фестивальд оролцон тоглолт хийж байгаа аж.