Япон улсын “Зүрхээ хамгаалъя” сангийнхан 11 дэх жилдээ П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, зүрхний төрөлхийн гажиг эмгэгтэй 300 орчим хүнд үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ үзүүлжээ. Тэд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нартай хамтран зүрхний төрөлхийг гажиг оноштой 3 сартай хүүхдээс 25 хүртэлх насны нийт 29 хүнд хагалгаа хийсэн байна. Эмч нарын баг тус бүр нь 5000-6000 ам.доллларын өртөгтэй судсан дотуурх хагалгааг үнэ төлбөргүй хийсэн байна.
Үүнээс гадна П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судлалын тасгийн эрхлэгч Х.Мөнгөн-Өлзий, эмч Ц.Саруул нараар ахлуулсан зүрхний эмч нарын баг Солонгос улсын Korea University Hospital-ийн Профессор Kim ахлагчтай багтай хамтран зүрхний хэмийг удирдах төхөөрөмжийг гурван өвчтөнд үнэ төлбөргүй тавьж өгчээ. Уг төхөөрөмжийг Солонгос улсын Korea University Hospital-ийн баг хамт олон хандивласан бөгөөд нэг нь 15 сая төрөгийн үнэтэй аж.