Categories
мэдээ нийгэм

Татвар төлөгчид цахим татвар төлөлтийн үйлчилгээ авч эхэллээ

 Монгол Улсын Татварын ерөнхий газар (ТЕГ) нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА)-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй Бизнесийг дэмжих санаачилга төслийн дэмжлэгтэйгээр хөгжүүлсэн татварын цахим төлбөрийн шинэ системийн нээлтийг хийлээ. ТЕГ-аас 2014 оны 1-р сард шинээр нэвтрүүлсэн цахим татварын тайлангийн системийг одоогийн байдлаар татвар төлөгчдийн 70-аас илүү хувь нь ашиглаж байна. Татвар төлөлтийг хялбаршуулах ажлыг цаашид үргэлжлүүлэх зорилгоор интернет болон мобайл банкны үйлчилгээг өргөжүүлэн төрөлжүүлж, хэрэглэгчдэд таатай хоёр хувилбарыг нэмэх саналыг БДС төсөл гаргасан. Эхний хувилбарын тухайд татвар төлөгчид ТЕГ-ын цахим тайлангийн вэбсайтад хандаж, татварын төлбөрөө дебит/кредит картаар хийх бол хоёрдахь хувилбар нь хувийнхаа интернет банкны данснаас татвараа шууд төлөх боломжийг татвар төлөгчдөд олгох юм. Голомт, Хаан банк, Төрийн банк зэрэг арилжааны банкууд ТЕГ-тай хамтран хоёрдахь хувилбарыг амжилттай туршиж, нийт татвар төлөгчдийн 80 гаруй хувийг цахим татвар төлөлтийн системд холбох боломжийг бүрдүүллээ. ТЕГ цаашид энэ үйлчилгээг дотоодын арилжааны бүх банкаар дамжуулан татвар төлөгчдөд хүргэхээр төлөвлөж байна. Цахим татварын систем нь арилжааны банкуудын интернет болон мобайл банкаар дамжуулан татвар төлөх үйл ажиллагааг хөнгөвчилсөн бөгөөд өмнө нь татвар төлөгч банкны төлбөрийн баримтыг татварын байгууллагад аваачиж, төлбөр хийсэн эсэхийг татварын байцаагч шалган татварын системд оруулдаг байсныг халж байгаа юм. Шинэ цахим татвар төлөлтийн системийг нэвтрүүлснээр татвар төлөх процесс хялбар, хямд, найдвартай, шуурхай болоод зогсохгүй татвар төлөгчид банк болон татварын байгууллагууд руу биечлэн очих шаардлагагүй болно. 

Энэхүү нээлтийн ажиллагааны үеэр ТЕГ болон арилжааны банкууд татвар төлөгчдөд зориулан шинэ татвар төлөлтийн системийг хэрхэн ашиглах тухай танилцуулга хийж, тайлбарлав. “Мэдээллийн технологийг сайжруулах нь татварын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд МТА-ны үйл ажиллагааг шинэ шатанд аваачих юм. Энэ ажлыг гүйцэтгэхэд арилжааны банкуудтай амжилттай хамтран ажиллах нь Монгол Улсын хэмжээнд манай татвар төлөгчид бэлэн мөнгөнөөс бэлэн бус гүйлгээнд шилжихэд голлох үүрэг гүйцэтгэнэ” гэж ТЕГ-ын дарга Т. Батмагнай хэллээ. 

ТЕГ болон арилжааны банк хоорондын хамтын ажиллагааны талаар Голомт банкны Гүйцэтгэх захирал Г. Ганболд “Татварын цахим төлбөрийн системийг ашиглах нь өөрийн харилцагч, үйлчлүүлэгчдэд тухтай, хүртээмжтэй, найдвартай санхүүгийн үйлчилгээ үзүүлэх Голомт банкны зорилготой нийцэж байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийн нэг хэсэг” гэлээ. 

Цахим төлбөрийн систем нь Монгол Улсад бизнес эрхлэх орчныг сайжруулах, хувийн хэвшлийн өсөлт хөгжлийг дэмжихийн тулд татварын тайланг цахимаар тушаах, татварыг цахимаар төлөх системийг нэвтрүүлэх замаар ТЕГ-ын үйл ажиллагааг орчин үеийн болгох, татварын хууль тогтоомжийг мөрдөлтийг татвар төлөгчдийн хувьд хялбаршуулах зорилгоор 500 гаруй татварын байцаагчид, 3,000 гаруй татварын тайлан бэлтгэгчдийн татварын үйлчилгээтэй холбоотой чадавхийг бэхжүүлэх, иргэдэд татварын тухай мэдлэг, боловсрол олгох кампанит ажил хэрэгжүүлэх зэрэг олон чиглэлээр БДС төслийн зүгээс 2011 оноос хойш ТЕГ-т үзүүлж буй техникийн туслалцааны нэг хэсэг нь юм. ТЕГ-ын хэрэгжүүлж буй цахимаар тайлан тушаах, татвар төлөх шийдлүүд нь Дэлхийн банкны “Бизнес эрхлэх нь” судалгааны “татвар төлөлт” шалгуур үзүүлэлтээр хэмждэг татварын төлбөр төлөх давтамж болоод цаг хугацааг нэлээд хэмжээгээр багасгана.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *