Categories
арын-нүүр булангууд мэдээ

Ярианаасаа биш “Яав”-наас болгоомжил

Үзэл сурталдсан нийгмийн үед чухалчлан анхааруулдаг “Дааганаасаа биш даравгараасаа болж унана шүү” гэх онч хэлц одоо ач холбогдолгүй болжээ. Үгээ хэлэх төдийгүй жагсах цуглах, тэмцэх эрх чөлөө бүгд нээлттэй. Хэн юу ч ярьсан яах ч үгүй, жиргэсэн ч жишим ч үгүй болоод байгаа цаг үе.

Харин үүний оронд хэтээсээ явган явах дургүй монголчууд унаж зайдалдаг унаандаа анхаарахгүй бол болохоо байжээ. Ялангуяа орон нутагт энэ “Яав” гэх бичил мотоциклийг техникийн наад захын мэдлэггүй жаахан хүүхэд охид, настай авгай нар хэн дуртай нь унан чавхдацгаана. Эзгүй хээр яаваараа хөтөл өөд орилуулсаар гараад ирэхэд өмнөөс нь бас нэг “яавчин” амьд амьтан уначихсан аятай шуугин гарч ирээд хоорондоо зөрж амжилгүй тас мөргөлдөж орхих юм. Сумын төв дээрх гудамж хашааны булан болгон “гүйдэл”-тэй болж байгаа бололтой. Аль нэг нь болгоомжтой байгаад ч нэмэргүй. Тооромзгүй, гэрэлгүй, араа соёондоо ордоггүй есөн шидийн унаа уначихаад хээвнэг эргэж хараад ярих, согтуу гуйвлан хаазлах бол наад захын үзэгдэл. Энэ муу жижигхэн дугуй байтугай эдэлж чадаагүй бол эмнэг хангал адуу ч амь нас авч оддогийг яагаад мартчихав. Агуу Чингэс хаан хүртэл морины “аваар”-аар өөд болсон тухай бичсэн байдаг биз дээ. Тэгэхлээр давын өмнө анхааруулсан үгтэй бичиг самбар, нөлөөтэй бөөрөнхий толь зэргийг энд тэндгүй тавьж өгөн, цаашдаа энэ талын хууль журмыг чангална биз ээ.

Ж.ГАНГАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *