Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ сарын 8-наас эхлэн 16 хүүхэд эмэнд хордсон байдалтайгаар ирж эмчилгээ хийлгэж байгаа билээ. Төрөөд гурав хонож байгаа нярай хүүхдээс эхлээд гурван сартай 16 хүүхэд тус эмнэлгийн Сэхээн амьдруулах тасаг болон эрчимт эмчилгээ, хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасагт хэвтэн эмчүүлж байна. Хүүхдүүдийн биеийн байдал дээрдэж байгаа гэнэ. “Монос” эмийн сангаас эмчийн тусгай жорын дагуу 23 хүүхдийн эцэг, эх “Фенобарбитал” эмийг худалдан авч уулгасан аж. Үүнээс 16 хүүхэд эмийн гүн хордлогонд орж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна.
Хоёр хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
Хүүхдүүдийн биеийн байдлын талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Ц.Алтантуяа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний хэлж буйгаар эмнэлэгт 16 хүүхэд хүргэгдэн ирснээс хоёр хүүхдийнх нь биеийн байдал хүндэвтэр, бусад хүүхдийн биеийн байдал сайжирч тогтворжсон гэнэ. Тэрбээр “Одоогоор дөрөв хоногтой нярай тус төвийн эрчимт эмчилгээний тасагт, нэг сартай хүүхэд нь хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. Биеийн байдал хүндэвтэр хэдий ч анх ирсэнтэй харьцуулбал сэргэж эхэлж байгаа. Харин бусад хүүхдийн бие харьцангуй сайжирч тогтворжиж байна. Хүүхдүүдийг эмнэлэгт ирсэн даруйд нь зохих арга хэмжээг манай эмнэлгийн зүгээс авсан. Нярай хүүхдүүдэд уулгасан эм биеэс гадагшлах хугацаа 90-120 цаг байдаг. Наймдугаар сарын 9-нд буюу өнгөрсөн долоо хоногийн бямба гаригийн 12:35 цагт ЭХЭМҮТ-д эмэнд хордсон гэх эхний өвчтөн ирсэн. Эмч өвчтөнүүдийн биеийн байдалтай танилцаад “Фенобарбитал” эмийн тунг буруу хэрэглэснээс үүдэн буй болсон хордлого гэдгийг оношлон, “Монос” эмийн сантай холбогдож, нийт 23 хүүхдэд жороор эм олгосон гэх мэдээллийг авсан.
Гурав хоногтойгоос гурван сартай 16 хүүхдэд шинжилгээ хийн, хордлого тайлах эмчилгээг хийж эхэлсэн “Фенобарбитал” эм нь тархины эмгэгшил, нярайн шарлалтад уудаг бөгөөд хүүхдүүдийн биед уух ёстой тун хэтэрснээс ийн аюултай байдалд хүрсэн. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, сувилагч нар хүүхдүүдийн биеийн байдлыг цаг бүр нарийвчлан үзэж байгаа. Манай эмнэлгийн зүгээс шаардлагатай бүхий л эмчилгээг хийж байна. Хүүхдүүдийн биеийн байдал сайжрах байх” гэв.
“Монос” группын удирдлага эмийн хордлогонд орсон хүүхдүүд, эцэг, эхчүүдэд шаардлагатай зүйлсээр тусалж байна” гэв
“Фенобарбитал” гэх эмийг хүүхдүүдийн ар гэрийнхэн “Монос” группийн салбар эмийн сангаас худалдаж авсан байдаг. Тухайн өдөр ажиллаж байсан эм зүйчид Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Ямар учраас нярай хүүхдүүдэд том хүний тунгаар үйлдвэрлэсэн эм худалдаалсан талаар “Монос Улаанбаатар” ХХК -ийн ахлах эм зүйч М.Алтмаагаас цөөн асуултад хариулт авлаа.
-Танай компанийн салбар эмийн сангаас худалдаж авсан эмэнд 16 хүүхэд хордлоо. Тухайн үед юу болсон талаар албан ёсны мэдээлэл авах гэсэн юм. Энэ талаар тодруулахгүй юу?
-Манай ажилтны ажилдаа хайхрамжгүй, санамсар болгоомжгүй хандсанаас үүдэн 16 хүүхэд эмэнд хордсон харамсалтай үйл явдал боллоо. Энэ сарын 8-нд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэргэдэх “Монос” эмийн сангийн салбараас эмийг хүүхдийн тунгаар өгөх байсныг том хүний тунгаар өгч, алдаа гаргасан. Тухайн өдөрт 23 хүнд уг эмийг олгосон байна лээ. Маргааш нь эмийн сангийн эрхлэгч ирээд жор баригчийн гаргасан алдааг мэдэж, компанийн удирдлагад дуулгасан. Компанийн удирдлага шуурхай арга хэмжээ авч, уг эмийг худалдан авсан хүмүүстэй утсаар холбогдож, тэднийг эмнэлэгт хүргэх ажлыг өөрсдөө зохион байгуулж ажилласан. Жороор эм олгосон тохиолдолд тухайн эмийг худалдан авсан хүний гэрийн хаяг нь эмийн санд үлддэг юм. Ингэснээр эм худалдаж авсан долоон хүн худалдаж авсан эмийг хэрэглэж амжаагүй байхад нь хүүхдийн тунтай эмээр сольж өгсөн.
-Хүүхдүүдийн хордсон эм зөвхөн танай салбар эмийн сангаар худалдаалагддаг гэсэн үү?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвхөн “Монос” -ын эмийн сангаар хүүхдүүд хордсон эм зарагддаг гэсэн ташаа мэдээлэл гараад байна. Албан ёсны зөвшөөрөлтэй бүхий л эмийн сангаар дээрх эм зарагддаг. Манай салбар “Монос” эмийн сан нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй ойр байдаг болохоор “Фенобарбитал” эмийг худалдан авах нь их байдаг.
-Нярай хүүхдүүдэд том хүний тунтай эм олгосон эмийн сангийн жор баригч мэргэжлийн бус хүн байсан гэх мэдээлэл байна?
-“Монос” групп нь нийт эмийн сангийн жор баригчдаа зуун хувь мэргэжлийн боловсон хүчнээр бүрдүүлдэг. Хүүхдүүдэд том хүний тунтай эм худалдсан жор баригчийн хувьд мэргэжлийн сургууль төгссөн, эм барих лицензийг журмын дагуу эзэмшсэн жор баригч. Тухайн өдөр цэвэр хувь хүний анхаарал, болгоомжгүй үйлдлээс үүдэн энэ явдал гарсан гэдгийг хэлмээр байна. “Монос” группийн удирдлага эмийн хордлогонд орсон хүүхдүүд, эцэг, эхчүүдтэй байнгын холбоотой ажиллаж, шаардлагатай зүйлсээр тусалж байна.