Норвегийн Тромсо хотноо үргэлжлэн явагдаж буй Олон улсын шатрын холбооны 41 дэх олимпиад өндөрлөхөд нэг өрөг үлдлээ. Тэмцээний арван өргийн дараах байдлаар манай эрэгтэй баг 177 орноос 81-р байрт, эмэгтэй баг 136 орноос 23-р байрт бичигдэж байна.
Тэмцээний арав дахь өргийн тоглолт өчигдөр болж, манай эрэгтэй, эмэгтэй баг хоёул хожил авч, байраа ахиулж чадлаа.
Эрэгтэй баг Тринидад ба Тобагогийн шатарчдыг 4:0-оор хожлоо. Тэмцээнд 59-д эрэмбэлэгдэн тоглож буй Монгол Улсын эрэгтэй баг таван хожил (Саудын Араб, Непаль, Тажикстан, IPCA, Тринидад ба Тобаго), таван хожигдолтой (Франц, Хорват, Израиль, Албани, Венесуэл), нийт 10 оноогоор 177 орны багаас 81-р байрт бичигдэж байна. Эрэгтэйчүүдийг БНХАУ 17 оноогоор тэргүүлж байгаа бол Унгар, франц, Украин, ОХУ-ын багууд удаалж байна.
Эмэгтэйчүүд арав дахь өрөгтөө Унгарын (чансаа 13) хүчтэй багтай тоглож, 2,5:1,5-аар буулган авсан байна. Энэхүү өрөгт их мастер Б.Мөнгөнтуул, ФМ Б.Баярмаа нар хожиж, олон улсын мастер Б.Анхчимэг тэнцэн, их мастер Б.Анхчимэг ялагдсан байна. Тэмцээнд 28-д эрэмбэлэгдсэн манай эмэгтэй баг зургаан хожил (АНЭУ, Ирланд, Алжир, Парагвай, Филиппин, Унгар), нэг тэнцээ (Вьетнам), гурван хожигдолтой (Франц, Казахстан, Польш) 13 оноогоор 23-р байрт бичигдэж байна. Эмэгтэйчүүдийг ОХУ (9 хожил, нэг хожигдолтой) тэргүүлж байгаа бол БНХАУ, Украины баг (8-1-1) удаалж байна.
Тэмцээний сүүлийн өрөг маргааш болох бөгөөд эрэгтэйчүүд Сальвадор(104), эмэгтэйчүүд Cловены (13) багтай тоглоно.