Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Отгирийд”

Худалдааны жижиг мухлагийн гадаа жаахан охин зогсоно. Цонхны цаана өлгөсөн элдэв янзын зураг хөрөгтэй, эрээн мяраан ил захидал, маркийг харна. Үндэстэн ястны хувцастай хөөрхөн хүүхэлдэйний зурагтай цуврал ил захидлуудыг нэг бүрчлэн удаан гэгчийн шимтэн үзнэ. Худалдагч эмэгтэй охиныг үл анзааран лангууныхаа цаана гиюүрэн суух аж. 

Охины ээж хүрч ирээд гараас нь угз татан чирээд явах гэтэл “Ээж ээ, энэ гоё зурагтай цааснууд юу юм бэ” гэж хэлээд гараа татав. Ээж нь “Отгирийд гэдэг юм. Алив явъя. Машинаа зам дээр орхичихсон. Хурдал” гэлээ. 

Тэмдэглэлт баяр ёслолын үеэр монголчууд бие бие рүүгээ сайхан зурагтай, энгүүн утга агуулгатай ил захидал илгээдэг байсан үе бий. Техник технологи хөгжиж, гар утас өдөр тутмын хэрэглээ болсон энэ үед ил захидал бичээд, илгээгээд сууж байдаг хүн бараг байхгүй, тун цөөн. Шаардлага гарвал цахилгаан шуудангаар зураг илгээчихнэ. Дахиад хэдэн жил өнгөрвөл ил захидал гэдэг зүйлийг мэддэг хүний тоо цөөрч мэднэ. 

Ээждээ чирүүлээд гарсан тэр охинд юуных нь буруу байх вэ. Алгын чинээ тэр амьтан ил захидал гэж юу байдгийг яаж мэдэх юм. Өнөө хорвоотой танилцсан түүх гээч чинь заавал чулуу энэ тэр байх албагүй нь. Бидний сайн мэддэг зүйл нөгөөд маань шинэ мэт санагдах нь энэ. 

Д.ГАНСАРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *