Статистикийн зндэсний хорооны мэдээлснээр энэ оны эхний долоон сарын байдлаар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сарынхаас 0,4 хувь, оны эхнээс 7,2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 14,9 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна. Өмнөх сарынхаас 0,4 хувиар өссөн үзүүлэлтэд орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ 2,5 хувь, тээврийн бүлгийн үнэ 2,0 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0,4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хувьд өнгөрөгч долдугаар сарын эцэст 859,6 тэрбум төгрөг болж өмнөх сарынхаас 0,5 тэрбум төгрөг буюу 0,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Харин өмнөх оны мөн үеийнхээс 27,4 тэрбум төгрөг 3,3 хувиар өсчээ.
Аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл ч мөн нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Ингэхдээ долдугаар сарын эцсийн байдлаар 12225,4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 76,6 тэрбум төгрөг буюу 0,6 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 3107,7 тэрбум төгрөг буюу 34,1 хувиар өсчээ.
Мөн банкны чанаргүй зээл долдугаар сарын эцэст 599,7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 32,7 тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 146,8 тэрбум буюу 32,4 хувиар өссөн байна.
Т.Гэрэл