Categories
мэдээ нийгэм

Г.Бадамрагчаа АТГ-ыг ажлаа хийхгүй байна гэв

Кино найруулагч  Г.Бадамрагчааг “Цагдаагийн тангараг” киногоороо дамжуулж төрийн эрхийг санаатайгаар гартаа авахыг оролдсон гэх үндэслэлээр 2012 оноос эхлэн шалгаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээр хэргийг нь цагаатгасан билээ. Энэ хугацаанд түүнийг хорих 461 дүгээр ангид гурван сар хорисон байдаг. Өөрийн хоригдсон талаар болон Авлигатай тэмцэх газарт хандсан талаараа найруулагч Г.Бадамрагчаа өчигдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд Улсын прокурорын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт хандан “Ямар хүмүүс намайг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгасан. Гэмт буруутай хүмүүсийг нь шалган тогтоон хариуцлага тооцож өгөөч ээ” гэсэн хүсэлт явуулжээ. Хүсэлтийн дагуу Ерөнхий прокурорын газраас гурав хоногийн дараа “Энэ бол Нийслэлийн прокурорын газартай хамааралтай асуудал байна. Нийслэлийн прокурор хариугаа өгөх бол уу” гэсэн утгатай хариу өгсөн байна.  Мөн АТГ-аас түүнийг дуудан нэг удаа мэдүүлэг авсан бөгөөд  дахин хариу ирүүлээгүй аж. 

 Гэтэл саяхан орон нутгаар кино зураг авалтын ажлаар яваад иртэл түүнийг хэлмэгдүүлээд явж байсан ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан, хурандаа Д.Цогтбаатар гэдэг хүн цахим хуудсаар өөрийгөө хэлмэгдсэн талаар нийтэлсэн байжээ. 

 Г.Бадамрагчаа хэвлэлийн хурлын үеэр “Энэ хэргийг шүүхээр гэм буруугүй, гэмт хэрэг үйлдээгүй гэж тогтоогоод хэрэгсэхгүй болгочихоод байхад Д.Цогтбаатар олон нийтийн цахим сүлжээ ашиглан “Үндэслэлтэй байсан, Монголын төрийг би  аварсан байхад намайг хэлмэгдүүллээ” хэмээн бичсэн байна. Тиймээс би  АТГ-ыг ажлаа хийж, энэ хэргийг дахин шалгахыг шаардаж байна” гэсэн юм. Мөн цааш нь “Шүүх намайг буруугүй гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон ч эргээд Д.Цогтбаатарыг гүтгэсэн хэрэгт унах юм шиг байна.  Сүхбаатар дүүргийн цагдаагаас намайг дуудаж  Д.Цогтбаатар гэдэг хүнийг гүтгэсэн гэж мэдүүлэг авсан” гэв. 

 Э.Номин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *