Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагийн ажилтан хүний амь аварчээ

Энэ жил Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байх Аварга тосон рашаан сувилал ч амрагчдаар дүүрэн байгаа аж. Гэхдээ, энэ сарын 2-нд Аварга тосонд гэр бүлээрээ амарч байсан 12 настай Д.Энхжин хэмээх охин нууранд эрсдэх шахжээ.

Тухайн үед НЗЦГ-ын ахмад Г.Баяржаргал тус газарт гэр бүлийн хамт амарч явахдаа охиныг аварсан байна. Охин нуурын эрэг дээр жижиг хөвөгчөөр хөвж байгаад салхинд туугдан нуурын гол руу орчихсон аж. Тухайн үед гэрийнхэн нь хий дэмий сандралдахаас өөр зүйл хийж чадахгүй байхад Г.Баяржаргал нь авхаалж самбаа гарган нуурын гол руу сэлж охиныг аварсан тухай Д.Энхжингийн эмээ Ичинхорлоо ярьж байна.

Тэрбээр “Өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулж өрөөлийг аврах хүн тийм ч олон биш. Ийм хүмүүс олон байгаасай. Тэр замын цагдаагийн ахмад Баяржаргал гэдэг хүүд насан туршдаа талархаж явах болно. Юу санасан есөн хүсэл нь биелэх болтугай” гэсэн байна.

Харин Замын цагдаагийн ахмад Г.Баяржаргал “Тухайн үед эрэг дээр олон хүн байсан ч яг охиныг аврахаар зориглоод орчих хүн олдохгүй байсан. Охины ээж, эмээ хоёр нь сандарсан байдалтай яахаа мэдэхгүй байсан. Тиймээс би нуур руу орсон. Нуурын гол хүрэхэд нэлээд цуцсан байсан. Гэхдээ хүний амь гээд шүд зуугаад тэсээд охинд хүрч эрэг рүү хөвөгчтэй нь татаж гаргасан. Тухайн үед нэлээд салхитай байсан учраас буцаад эрэг рүү сэлэхэд хүндрэлтэй байсан” гэжээ.

Г.Баяржаргалын хувьд өмнө нь бас нэг хүний амийг гол усны аюулаас аварч байсан нэгэн гэнэ. Мөн Замын цагдаагийн газартаа нэр хүндтэй, сайн алба хаагч болох тухай хамт ажиллагсад нь хэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *