Categories
мэдээ спорт

Манай эмэгтэй тамирчид гурван алтан медаль хүртлээ

Польшийн Домброва Гурнича хотод болсон эрэгтэй чөлөөт бөхийн ХХIII, эмэгтэй чөлөөт бөхийн ХYIII дахь удаагийн “Poland Open” олон улсын тэмцээн хоёр өдөр үргэлжилж өчигдөр дууслаа. Энэхүү наадамд  Австри, Афганистан, Беларусь, БНХАУ, Болгар, Испани, Иран, Казахстан, Латви, Мехико, Молдав, Монгол, ОХУ, Польш, Тунис, Турк, Словак, Украин, Унгар, Франц, ХБНГУ, Эстони, Япон зэрэг 23 орны 150 орчим эрэгтэй, 80 гаруй эмэгтэй бөх өрсөлджээ. Үүнд манай эмэгтэй баг 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож,  гурван алт, нэг мөнгө, гурван хүрэл нийт долоон медаль хүртэн амжилт үзүүллээ. 

Тодруулбал, тэмцээний эхний өдөр 55 кг-ын жинд “Аврагч” спорт хорооны тамирчин С.Бямбацэрэн, 60 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин  С.Цэрэнчимэд нар алт, 60 кг-ын жинд мөн “Алдар” спорт хорооны тамирчин П.Орхон хүрэл медаль хүртжээ.

 Харин тэмцээний хоёр дахь өдөр манай зургаан эмэгтэй бөх дэвжээнд гарснаас,  63 кг-ын жинд Олимпын хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Батцэцэг алт, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер “Замчин” спорт клубын тамирчин Э.Сумьяа мөнгө, 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер, “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Даваачимэг, 75 кг-ын жинд ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Бурмаа нар хүрэл медаль авав. 

Э.Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *