Categories
мэдээ цаг-үе

Гэртээ өнжих завгүй “хордлого”-ын Юндэн эмч

Хөтөлд гарсан булчин задрах тахал, метилийн спирттэй  архинаас болж өчнөөн хүн амиа алдсан тохиолдол, Дорнодын түймэр, Налайхын уурхайн осол гээд Монголд болсон томоохон үйл явдлуудын ихэнхэд нь хордлогын эмчээр ажилласан эрхмийнд өнжлөө. “Хордлого”-ын С.Юндэн гэхээр салбарынхан нь анддаггүй юм билээ. Утас цохиж гэрт нь өнжих хүсэлтэйгээ  хэлтэл “За даа, би ч гэртээ тогтоод байдаг хүн биш дээ. Манай эмнэлэг дээр хүрээд ирэх үү. Гэрээр ороод гарах зав олдох байхаа” гэж байна. Эмнэлгийг нь заалгаж аваад очлоо. С.Юндэн эмч Сонгинохайрхан дүүргийн урд талд “Гэгээн мед” гэдэг хувийн эмнэлэг ажиллуулдаг юм байна.  Айраг найрын цаг болохоор цөөхөн хүн хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Хордлогын чигийн эмнэлэг аж. Тасгууд нь цэвэрхэн, тохилог, өрөө бүрдээ ариун цэврийн өрөөтэй юм.

Эмчийн өрөөнд орлоо. Номоо хэвлэлд бэлтгээд тун завгүй суугаа нь ажлын ширээг нь харахад л илт байв. Эмнэлэгтээ ажиллахаас гадна Эх  хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвд зөвлөх эмчээр ажилладаг гэнэ. Мэдээж хордлогын чиглэлээрээ. “Та Монголд гарсан томоохон хордлогууд дээр ажиллаж байсан хүн. Илүү хөлс урсгасан, хүч шаардсан тохиолдол гэвэл алийг нь онцлох вэ” гэж асуутал “Хөтөлд 1996 оны үед гарсан холер. Монголоор бол булчин задрах тахал л даа. Би Эрүүл мэндийн яамны багийг толгойлж сэхээний эрчимт эмчилгээний зөвлөхөөр ажилласан юм. Өмнө нь манайд халуун орны тийм өвчин гарсан удаагүй учраас их хэцүү байсан. Ямар ч туршлагагүй. Шууд холер гэж мэдээгүй. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрээс гарч байгаа хаягдал уснаас хүн амьтан хордчихож, химийн хордлого байж магадгүй гээд намайг явуулсан юм. Анх очиход таван хүн нас барчихсан байлаа. Биднээс түрүүлээд бактерлогич, эрүүл ахуйчид оччихсон байсан л даа. Яг очдог орой  лабораторийн шинжилгээгээр холерийн үүсгэгч  гэдэг нь тодорхой болчихлоо. Өмнө нь огт заалгаж байгаагүй зүйлтэйгээ нүүр тулсан” гэж хэлээд толгой сэгсрэв. Тэднийг очсоны дараа нэг ч хүн амь үрэгдээгүй, шуурхай эмчилгээ хийж бүгдийг нь босгожээ.  Амжилттай болсны шалтгаан нь цэргийн байгууллага ажилласных гэнэ. “Цаашдаа ч гэсэн янз бүрийн голомтон дээр ажиллавал цэргийн байгууллагаа түлхүү түших нь зүйтэй юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн” гэж яриагаа үргэлжлүүлэв. Холерийн голомтод ажилласан эмнэлгийн ажилтнуудын хэн нь ч халдвар аваагүй нь зохион байгуулалт өндөр байсантай холбоотой гэж С.Юндэн эмч ярив. 

 Дараагийн хэцүү  тохиолдол нь Багануурын хордлого гэнэ. “Азийн чоно” компанийн метилийн спирттэй архины хордлого гэхээр уншигчид андахгүй. С.Юндэн эмч тэр хордлогын талаар “Маш богино хугацаанд их олон хүнийг хамарсан, нягтрал ихтэй хордлого байсан. Би арванхоёрдугаар сарын 31-ний шөнө хотоос дуудагдаад очсон юм. Тэр үед хоёр хүн нас барчихлаа гэж байсан. Намайг очих хооронд шөнөдөө долоон хүн нас барчихсан. Тэр үед бид нэг л зүйлд гомдолтой байсан. Эрүүл мэндийн боловсролтой холбоотой асуудал л даа. Архинд хордсон хүмүүс шартчихаж гээд гэртээ хэвтсээр байгаад яг үхэх болохоороо эмнэлэг бараадсан. Эмнэлгийн хаалгаар орж ирээд үхээд байсан. Тэр үед зуун хориод хүн хордож ирсэн. Цаг алдалгүй ирсэн хүмүүс нь бүгд сэхсэн. Хамгийн харамсалтай нь нас барсан хүмүүсийн дийлэнх нь  баяр ёслолын үеэр л архи амсдаг  залуус байсан” гэж ярилаа.  Архинд хордох, шартах хоёр ялгаатай эсэхийг сонирхоход “Ялгаатай байлгүй яахав. Хордлого нь  харьцангуй гүнзгий илэрнэ. Нүдний хараа муудна. Хөхрөлтийн шинжүүд ажиглагдана” гэсэн хариу өгөв. Ерэн оны эхээр Налайхын уурхайн осол ч их хүч шаардаж байж. Уурхай нурсан тэр үед угаарын хийн хордлого голложээ.  Уурхайчид тархины архаг хордлогод орсон гэнэ. Одоо ч зарим нь эмчийн хяналтад байдаг аж. Монголд олон хүнийг хамарсан химийн голомтын ослууд  20 гаруй удаа гарч байсны ихэнх тохиолдолд С.Юндэн эмч ажиллаж байжээ. 

Сүүлийн үед залуу хүмүүс амиа хорлох нь ихэсчээ. Эмчийн эмзэглэж явдаг асуудлын нэг нь энэ гэсэн. Тэрээр “Цаана нь сэтгэл зүйн асар том драм явагдаж байгаа. Гарцгүй байдалд орж эцсийн шийдэл нь үхэл болчихсон байдаг. Энэ нь эмчид үнэхээр хатуу буудаг. Нэгэнт сэтгэл зүрхээрээ явъя гээд шийдчихсэн учраас эмчилгээний үр дүн муу байдаг. Хүний бие сэтгэл хоёрыг хоёуланг нь эмчилж байж л босч ирдэг” гэж ярив. “Аврах боломжгүй өвчтөнийг аварсан тохиолдол бий юу” гэж асуухад “Өчнөөн бий. Эх нялхаст  могойд хатгуулсан  хоёрхон настай  казак хүүхэд ирж байсан юм. Их хүнд хордлоготой. Монголд тэрийг нь эдгээдэг эм  байхгүй. Могойн хорны ийлдэс гэж байдаг. Вакцин шиг зүйл гэсэн үг. Бие нь эрс муудчихаад байхад бид лазерын туяаны эмчилгээ хийсээр байгаад босгоод ирсэн. Хатгасан могойг тэр хүүхдийн аав цэвэр усны таван литрийн саванд хийгээд ирчихсэн. Хүү нь амьдарвал ууланд нь тавина, хүүгээ нас барвал цуг оршуулна гэж ярьж байлаа.  Жэпэнес мабуши гээд бамбай хоншоортны бүлгийн Японы могой байсан юм” гэж дурсамж сөхөв. Одоо л гэхэд Гэмтлийн сэхээнд могойд хатгуулсан есөн настай охин хэвтэж байгаа гэнэ. Мөн л энэ могойд хатгуулаад иржээ.  Зун цагт хүүхдүүд могойд хатгуулах нь их байдаг аж. 

С.Юндэн эмч ширээн дээрээсээ үдэж бэлдсэн зузаан гэгчийн бичгийн цаасыг авснаа  “Бид өглөө бээлий өмсөөд орой нь  тайлдаг хүмүүс. Амьдралын хэв маяг маань тийм. Хажуугаар нь эрдмийн ажилтай, багшилна, зөвлөх эмч хийнэ. Хувийн эмнэлгээ ажиллуулна. Одоо гуравдугаар эмнэлэг орж бэлэн болгосон номын эхээ редакторлуулах хүндээ өгөх юм. Тэр далимаараа та нарт гэрээ харуулъя. Ороод л  гарах байх шүү. Дараа нь гэмтлийн эмнэлэг орж эмчилгээ хийх ажил бий” гэж байна. Эмчилгээний өрөөнөөсөө саарал өнгийн жижиг аппарат аваад халаттайгаа үүд зүглэлээ. Могойд хатгуулсан охиныг эмчлэх лазерын эмчилгээний аппарат гэнэ. Машинд суугаад гуравдугаар эмнэлэг явах замд утас нь хангинав. “Одоо чинь найр наадмын цаг. Хүмүүс нь цуглана гэвэл очиж болж байна аа” гэж хэлээд утсаа салгав. Найз бүсгүйдээ гар хүрч амиа алдахад нь нөлөөлсөн гэх Алтанхүүгийн хэрэгтэй холбоотойгоор  шүүх хуралд  байлцахыг хүсч залгажээ. Шүүх эмнэлэг бүсгүйг зодуулснаас болж амиа алдаагүй, эрүүл мэндийн байдлаас шалтгаалсан гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг нь хохирогч тал хүлээн зөвшөөрөөгүй учраас  дүгнэлтийн талаар яамнаас хөндлөнгийн шинжээчид томилжээ. Шинжээчдийнх нь бүрэлдэхүүнд С.Юндэн эмч багтсан юм байна. Энэ мэт ажилд ч нэлээд оролцдог бололтой юм. 

Гуравдугаар эмнэлгээр орсны дараа гэр рүү нь явлаа. Гэрт нь ороход зураачийнд ороод ирэв үү гэж андуурмаар дүр төрх угтав. Бийр, будаг, эгнүүлж өрсөн эскиз зургууд хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Мандаж буй нарны наана зогсох унага, хоёр морь хөтөлсөн хүү гээд морины зураг цөөнгүй харагдав. Нөгөө талын хананд жаазлахад бэлэн болсон зургууд харагдана. Ц.Дамдинсүрэн зохиолчийн хөрөг их содон шийдэлтэй юм. Доод талд нь тоос татуулан давхих морьд, дээд талд нь эрдэмтэн зохиолчийн хөргийг зуржээ.  Саарал голдуу өнгө давамгайлсан энэ хөрөг яах аргагүй нүд унахаар бүтээл болж. Цэцэгсийн зураг ч нэлээд хэд үзэгдэв. Хүүхдүүд нь бололтой хүү, охин хоёрын зураг ч анхаарал татахаар юм. Зураг зурах нь  С.Юндэн эмчийн хобби гэнэ. Өнгөрсөн жил  хөгшнөө өөд болсноос хойш гэртээ байхдаа сав л хийвэл бийр, цаас нийлүүлдэг болж. Өглөө таван цаг гэхэд босч номоо бичдэг ажилтай гэнэ. Голдуу хордлогын чигийн ном бичдэг аж. Одоогоор хориод ном бичжээ. Номныхоо завсар зайгаар зургаа зураад суучихдаг бололтой. Зургаа цуглуулахаас илүү бэлэглэчихдэг юм байна. 

Санктпетербургт сурч байхдаа зурсан зургаараа бие даасан үзэсгэлэн хүртэл гаргаж байж. Хойно сурч байсан зургуудаа сонирхуулав. Санктпетербургийн цэргийн академи төгсч ирээд хөдөө бага эмчээр хэсэг ажиллажээ. Хотод ирээд цэргийн газарт нэлээд хугацаанд цэргийн эмч хийж.  Сонирхуулж хэлэхэд С.Юндэн эмч анагаах ухааны доктороос гадна цэргийн хурандаа цолтой юм билээ. Гэрийн эзэн зургийн цомог сонирхуулангаа “Одоогоор бол Сантпетербург, миний сурч байх үеийнхээр бол  Ленинградын Цэргийн хүмүүнлэгийн академид  байнга л байлдааны тухай заана. Шарх, хордлого хоёр л заана шүү дээ.  Тэр үед чинь надаас өөр хордлогын эмч байгаагүй юм. Эндээ ажиллаж байгаад Ленинградад буцаж очиж эрдмийн зэрэг хамгаалсан. Ленинградад нийтдээ  11 жил болсон. Санктпетербург их гоё хот. Зүгээр ч нэг тэнгэрийн доорх музей гэж нэрлээгүй. Жинхэнэ урлагийн хот доо” гэж ирээд Санктпетербургийн талаар баахан яриа өрнүүлэв.

Эднийх нэг хүү, нэг охинтой. Ач, зээ нийлээд долоо хүрчээ. Зуны цагт хайртай ач, зээ нар нь зуслан гардаг гэнэ. Өвөө нь амралтын өдрөөрөө очиж “эрхүүлэх ажил”-аа хийдэг аж. Ач, зээдээ амь, их ажлынхаа хажуугаар яаж ийгээд зав гаргадаг нь ярианаас нь илт. Байсгээд л ач, зээгээ ярих юм. Охин нь Боловсролын их сургуулийг хэлний чиглэлээр төгсчээ. Том хүү нь циркийн найруулагч  юм байна. Одоо циркийн сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж  байгаа гэнэ. 

Өчнөөн ажлын хажуугаар хоёр төрийн бус байгууллагатайг нь гэрт нь яриа өрнүүлж  суухдаа мэдэж авав. Нэг нь баруунд элбэг байдаг  шар айрагны клубэрхүү байгууллага гэнэ. “Оюуны сүм” гэсэн нэртэй. Ертөнцийн ээдрээтэй түмэн асуудлаар салбар салбартаа дажгүй яваа хүмүүс тойрч суугаад халуун яриа өрнүүлэх бололтой. С.Юндэн эмч бидэнд кофе бэлдэнгээ “Танин мэдэхүй хязгааргүй учраас шашнаас эхлээд ярихгүй сэдэв байхгүй. Миний цагийг авч мэдэх эд болоод байна даа” гэж байна. Эрхээ авахаар бичиг баримтаа бүрдүүлээд өгчихсөн гэнэ. Шар айрагны клубынхны ярих эхний уулзалт тун сонирхолтой өрнөх шинжтэй. Цөмийн физикийн залуус оролцох гэнэ. Эйнштейн амьдралын сүүлийн жилүүддээ эхний онолуудаа үгүйсгэсэн шиг шинжлэх ухаанд байдаг маргаантай асуудлуудаар  Монголын шар айрагны клубынхан яриа өрнүүлж эхлэх нь ямар ч гэсэн тодорхой болчихож. Хоёр дахь төрийн бус байгууллага нь Хордлого судлалын үндэсний шинжилгээний нийгэмлэг. Нийслэлийн Засаг даргын тамгын газрынхантай хамтарч архины эсрэг сурталчилгааны төсөл хэрэгжүүлж  эхэлжээ. Хашдаг алба нь хэд хүрснийг сонирхвол “Лав л хориод юм бий” гээд инээж байна. Одоо дахиад нэгийг нэмэх гээд бэлдэж суугаа  нь “Оюуны сүм” клуб аж.  

Кофе ууж, зургийн цомог сонирхож, элдэв яриа өрнүүлж суутал нэг л мэдэхэд гарах цаг болжээ. С.Юндэн эмч цагаа харснаа “Одоо гэмтэл рүү явж хоёр хүнд эмчилгээ хийх ёстой” гэж яаравчлав. Бид ч дагаж явах зөвшөөрөл аваад хамтдаа Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү сүнгэнүүллээ. Могойд хатгуулсан охин сэхээнээс энгийн тасаг руу шилжжээ. Лазерын эмчилгээ хийж эхлэх гэнэ. Охины өрөө рүү явах замдаа  “Хэт ягаан туяаны нэг гол үйлчилгээ нь микробыг шууд үхүүлдэг. Дараагийн үйлчилгээ нь  дархлааны бүх л элементийг идэвхжүүлнэ” гэж эмчилгээгээ тайлбарлав. Охин их л зовиуртай байгаа нь илт. Хөлөө битүү боолгожээ. Хөлөндөө дахиад мэс засал хийлгэсэн гэнэ. Биднийг очиход ээж нь сахиж байв. Охин эмээ, өвөөтэйгөө хөдөө явж байгаад могойд хатгуулжээ. Ганцаараа жимс түүх гээд мод руу ороод хатгуулчихсан аж. С.Юндэн эмч авч яваа аппаратандаа холбогч маягийн зүйл шургуулж, охины судсанд бэхэлсэн уян зүүтэй холболоо. Охины судсыг нэвтлэн харагдах  ягаан туяаг С.Юндэн эмч заагаад “Хэт ягаан туяа дамжиж байгаа нь энэ” гэв. “Хордлогын хувьд хамгийн гол зүйл бол цаг алдалгүй  тусламж үзүүлэх. Бид цаг алдаад байна. Хөдөө орон нутагт нарийн мэргэжлийн эмч байхгүй нь гол зовлон болоод байна даа. Хордлогын хувьд үндэсний сүлжээтэй, үндэсний төвтэй болох цаг ирсэн. Миний зорьж ажиллаж байгаа гол ажил гэвэл энэ. Одоо бол эндээс онгоцоор явж очих гэсээр байтал хордсон хүн маань муудчихдаг. Тэнд нь мэргэжлийн эмч байхгүй учраас нааш нь авчрах гэсээр байтал цаг алддаг. Манай оронд11 төрлийн могой байдгийн дөрөв нь хор учруулдаг. Могой бол хүнийг зүгээр байхад нь ирээд хатгачихдаг. Зөгийний хувьд  зөвхөн биеэ хамгаалах гэж л хатгадаг. Монголд могойноос өөр өчнөөн олон аюултай амьтад бий. Зун болоод ирэхээр хусны хачиг аюул тарьдаг. Хазуулчихсан л бол бараг авралгүй. Амьд үлдсэн хэд нь элий балай болоод дуусдаг. Аалз, хилэнцэт хорхой ч аюултай” гэж ярьснаа “За үг олдох нь, эмч нь эмчилгээгээ үргэлжлүүлье. Одоо зөгийд хатгуулсан нэг хүүхдийг үзнэ. Дахиад нэг хүүхэд могойд хатгуулаад ирчихэж. Нохойд хазуулсан хүнээ бас эмчилнэ. Ингэсгээд өндөрлөх үү дээ” гээд эмчилгээндээ анхаарав. 

Ц.БААСАНСҮРЭН

О.АНХЗАЯА

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *