Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтсайхан: Ээж маань хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө хүүгийнхээ төлөө өлсгөлөн зарлана гээд байгаа

ТЕГ-ын Сөрөх тагнуу­лын газрын дарга асан Д.Цогт­баа­тарын ах Д.Цогт­сайхантай ярилцлаа. 


-Та өнгөрсөн зургадугаар сард Ерөнхий прокурорт хандаж хэвлэлээр ил захидал бичиж байсан. Шоронд хоригдож байгаа дүү Цогтбаатарынхаа эрүүл мэндэд санаа нь зовниж байгаагаа бичсэн байсан. Та дүүтэйгээ хэзээ хамгийн сүүлд уулзсан бэ?

-Бид тус тусдаа ажилтай болохоор өдөр бүр уулзалдаад байдаггүй. Цагаан сараар хамгийн сүүлд дүүтэйгээ уулзсан. Утсаар бол ярьдаг л байсан. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сард эхнэр нь утасдаж дүүг маань баривчлагдсан талаар надад хэлсэн. Энэ мэдээг сонсоод үнэхээр шоконд орсон. Настай ээждээ яаж дууулгана даа гэж хамгийн түрүүнд бодсон. Өмнөх жил нь бас бүтэн хоёр сар дүүг маань шоронд хорьсон. Манай ээж сахарын өвчтэй л дөө. Дүүгийн тухай сонсоод шууд л бие нь муудсан. Одоо бол ээж маань хэвтэрт байгаа. Өвчтэй, дээр нь сэтгэл санааны хямралаас болоод босч явж чадахаа болиод байна. 

-Саяхан хэвлэл дээр Цогтбаатарын бие нь муу, яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэсэн мэдээлэл гарсан байсан?

-Тийм учраас л би дүүгийнхээ эрүүл мэндэд санаа зовж Ерөнхий прокурорт хандаж захидал бичсэн юм. Эмчийн дүгнэлтээр зүрхний цусан хангамж доголдолтой, хаван тулсан, шулуун гэдсээр цус алддаг болсон учраас яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэж гарсан юм билээ.

Дүү маань ажлаа нэгдүгээрт тавин зүтгэсээр байгаад өөрийнхөө эрүүл мэндийг дандаа хоёрт тавьдаг байжээ гэдгийг би сая л эхнэрийнх нь ярианаас мэдлээ. Дээр нь хаваржингаа чийгтэй шоронд хоригдохоор хичнээн залуу хүн ч гэсэн өвддөг юм байна. Одоо бол хавантай, даралт ихэсдэг, зүрхний хэм алдагдалтай гэсэн шинэ өвчнүүдтэй болсон байна. 

Хэдхэн сарын өмнө олны танил нэг эрхэм шоронд өвчний улмаас нас барсан. Түүнээс хойш дүүгийнхээ төлөө санаа зовоод нойр ч хүрэхээ болилоо. Хүнийг нас барсны дараа хэн ч хариуцлага хүлээдэггүй. Прокурор, шүүх нь өөрөөсөө бурууг зайлуулдаг болохыг тэр хэргээс харж байна. Үхсэний л хохь болж байна шүү дээ. Идэр залуухан, сайхан дүүгээ бие нь муу байгааг сонсоод ах нь дээрх ил захидлыг бичсэн юм. Одоо бол бурхандаа залбираад л сууж байна. Үнэн мөн нь олдох байх, дүүг маань гэм буруугүйг тогтоох байх гэсэн найдлага маань тасраагүй байгаа. 

-Та эхээс хэдүүлээ вэ. Цогтбаатар айлын хэд дэх хүүхэд вэ?

-Бид эхээс зургуулаа. Жирийн л нэг айл. Ээж аав маань жирийн л ажилчин хүмүүс байсан. Таван жилийн төлөвлөгөө биелүүлсэн гэсэн одон тэмдэг нь ч бий. Аав маань хүнд ажил хийдэг байсан учраас эрт өнгөрсөн. Ээж маань насаараа чийгтэй газар ажиллаж байсан болохоор хөл гар муутай. Цогтоо маань айлын дөрөв дэх хүүхэд.

-Танай дүү онц ноцтой гэмт хэрэг хийх хэмжээний хүмүүжилтэй хүн үү. Та ахын хувьд юу гэж бодож байна вэ?

-Ахын хувьд ч гэлтгүй, хөндлөнгийн хүний нүдээр харсан ч манай Цогтбаатар шиг төлөвшсөн, хүмүүжилтэй, ёс суртахуунтай хүн ховор. Арван жилд байхдаа онц сурдаг байсан. Аав ээжийг ажлаас ирэхэд Цогтоо л гэр орноо цэвэрлэж, хоол ундаа хийгээд хүлээгээд сууж байдаг байсан гэж ээж маань одоо ярьдаг юм. Аав маань олон жил хэвтрийн өвчтэй байсан. Тэр үед Цогтоо маань л аавыг харж халамжлах, асрах ажлыг голлон хариуцдаг байсан юм. Үүнээс дүүгийн маань тусархуу, өрөвч зөөлөн сэтгэлтэй гэдэг нь харагдах биз ээ. Одоо ч таних танихгүй хөгшчүүд надаас дүүг маань асууж, түүний төлөө цайны дээжээ өргөж байхыг хараад бахархах сэтгэл төрөх юм. Танай сонинд дүүгийн маань дарга байсан хүн ярилцлага өгсөн байна лээ. Түүнд ч гэсэн Цогтоог маань надаас илүү сайхан тодорхойлж бичсэн байсан. Бид хэдээс ганцаараа Цогтоо маань дээд мэргэжил эзэмшиж, төрийн хариуцлагатай албанд зүтгэж байсан юм. 

Цогтоо маань төрийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнч, аль нэг нам бүлэг, эвсэлд хамаарахгүй, хэтэрхий шударга бас даруу байсныхаа төлөө ийм байдалд орсон байх гэж бодох юм. Аль нэг нам эвсэл, бүлэглэл, баян хүний халаасанд орж ажилладаггүй дүүгийнхээ шударга зангаар хэний ч өмнө нүүр улайхааргүй энэ бүхнийг ярьж байна. 

-Нэг хүн хэрэгт сэрдэгдэж, олон сар шоронд хоригдлоо. Үүний цаана  гэр бүл, ах дүү, үр хүүхэд, эцэг эх нь давхар сэтгэл санааны хүнд дарамтад ордог. Мэдээж, үүнийг та амьдрал дээрээ мэдэрч байгаа байх…

-Хамгийн аймшигтай нь энэ л байна. Бид хичнээн ах дүү нар нь ч гэлээ хамгийн хүндээр эхнэр хүүхдэд нь тусч байна. Дүүг маань баривчилсны дараа эхнэрийг нь дагаж мөрдөж байсныг баримтжуулаад авсан байна лээ. Баривчлагдсан энэ хугацаанд эхнэр нь бүтэн гурван сар Төв аймгийн хорих руу өдөр бүр шахам л явж байсан. 

Өмгөөлөгч авах, нөхрөө эргэх, үр хүүхдээ харах, гэр орноо өөд нь татах, мөнгө төгрөг олох гээд бүхий л ажил эхнэрийнх нь нуруун дээр ирж байна. Дээр нь сэтгэлийн ямар их дарамт, зовинол байгаа бол. Дүүгийнхээ эхнэр, хүүхдүүдийг харахаар өр өвдөх шиг л болох юм. Өдөр бүр л аавыгаа ороод ирэх болов уу гэж хүүхдүүд нь хаалга онгойхыг харж суугаа. 

Ээж маань өвчтэй ч гэсэн хүүгийнхээ төлөө өлсгөлөн зарлана гэж зүтгээд байгаа. Хэлмэгдэгсдийн хөшөөний урд очиж өлсгөлөн зарлаж хэвтэнэ гээд байгаа ч одоохондоо бид бие нь муу байгаа болохоор хориод л байна. 

-Таны Ерөнхий прокурорт хандаж бичсэн ил захидалд “өндөр албан тушаалтай хүний хувийн өс хонзонгоор дүү маань шоронд хоригдож байгаа бололтой” гэсэн байсан. Яагаад тэгж бичих болов?

-Бид өдөр бүр уулзаж яриад байх цаг зав байдаггүйг түрүүн хэлсэн. Би машин засварын газар ажиллуулдаг болохоор байнга тэндээ ажилладаг. Хоригдсоных нь дараа л дүүгээ өндөр албан тушаал хашдаг юм байна гэдгийг мэдлээ. Манай дүү чинь тэр бүр олон үг дэлгээд байдаг хүн биш. Хэвлэлд гарсан ярилцлагууд, хүмүүсийн ам дамжсан яриа , мөн сүүлд шоронгоос бичсэн захидал зэргийг нь уншаад ийм ойлголттой болсон. Хэн ч бодсон гэсэн дүүд маань олон хэрэг тулгаж, удаан хугацаагаар хорьж цагдаад байгаагийн цаана өндөр эрх мэдэлтэй хүн байна гэдгийг нийгэм даяараа мэдэж байгаа байх. 

Би хууль эрхзүйн мэдлэггүй, жирийн л нэг хүн. Хүмүүс харин надаас “дүүг чинь улстөрийн зорилгоор хорьсон юм биш үү” гэж асуудаг. Эхнэр нь өмгөөлөгч авах гэхээр “Улстөр орсон ийм хэрэгтэй орооцолдохгүй” гээд татгалздаг гэсэн. Миний бодлоор дүү маань улстөрч биш, жирийн л нэг цэргийн ажил хийдэг хүн шүү дээ. 

-Таны ил захидал гарсны дараа хууль хяналтын байгууллагаас дуудаж асуусан, тодруулсан зүйл бий юу?

-Би өдрийн хоолоо залгуулах гэж цаг наргүй ажилладаг хүн. Харин сүүлийн үед өөрийн эрхгүй хэвлэл уншиж, хууль шүүхийн газарт Ерөнхийлөгчийн хэлээд байгаа шинэчлэл гэдэг зүйл зайлшгүй хэрэгтэй гэдэг нь миний дүүгийн байгаа байдлаас харагдаад байна. 

Хамгийн хачирхалтай нь дүүг маань оргон зайлж, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлээр хориод байгаа юм билээ. Эхнэрийнх нь хэлж байгаагаар гадаад паспорт нь Тагнуулын ерөнхий газарт нь байдаг юм билээ. Хилийн хориотой, батлан даалтад байгаа хүн хаашаа оргон зайлах билээ гэж бодох юм. Шүүх, прокурор нь ч гэсэн зөвхөн нэг талыг барьж байгаа юм шиг шийдвэр гаргаад байгаа  учраас би аргагүйн эрхэнд хэвлэлд хандсан юм. Хүний амь нас, хувь заяа ганцхан хүний үзэгний үзүүрээр шийдэгдээд байдаг юм биш байгаа. Дүүгээс маань гадна өөр олон хүн ингэж хохирч байгааг үгүйсгэхгүй. 

Миний хүсч байгаа зүйл бол дүүг маань батлан даалтад гаргаж өгөөчээ гэж хүсч байна. Бид биеийг нь тэнхрүүлж байгаад яаралтай мэс засалд оруулах шаардлагатай байна. Ар гэрийнхэн нь долоо хоногт 20 минут уулзах эргэлтийн цаг өгдөг юм байна. Бид тэр цагийг нь хороогоод яахав гээд, эхнэр нь очиж уулздаг. Дүү маань хоригдсоноосоо хойш маш их турсан гэсэн. Үүнээс л болж ээж маань өлсгөлөн зарлая гээд байгаа юм. “Хүний өс хонзонгийн золиос болгож хүүгээ тэнд алдаж байснаас би өөрөө өлсгөлөн зарлаж үхээд өгье” гэж ээж маань хэлээд байгаа. 

Д.Цогтсайхантай ярилцлага хийсний дараа буюу өнгөрсөн баасан гаригт түүний дүү, хурандаа Д.Цогтбаатарын хоригдох хугацааг дахин сунгасан байна. 

Д.ГЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *