“Сэрэлт” кинонд тоглосон Бумаа дүрээр нь бидний сайн мэдэх XX зууны манлай эмэгтэй жүжигчин Т.Цэвээнжав гуайн дурсгалд зориулан хөшөө босгохоор болсон тухай өмнө нь албаны хүмүүс мэдээлж байв. Тэгвэл түүний хөшөөг төрсөн нутаг Дорнод аймгийн Матад суманд нь босгожээ. Энэ жил Матад сумын 90 жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн арга хэмжээнд зориулан тус сумаас төрөн гарсан алдарт жүжигчний хөшөөг ийн босгосон байна.
Жүжигчин Т.Цэвээнжав нь1944 онд Улсын драмын эрдмийн театраас уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд Монголын кино урлагт өөрийн байр суурийг эзэлсэн, олон арван кинонд гол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн хүн юм. Тэрээр 58 наслахдаа 50 гаруй үндэсний болон орчуулгын сонгодог жүжгүүдэд олон сайхан дүрийг бүтээжээ. Тодруулбал “Сэрэлт”-ийн Бумаа, “Морьтой ч болоосой” киноны Дондогийн ээж, “Хүргэн хүү”-гийн ээж, “Энэ хүүхнүүд үү” киноны Жамц даргын эхнэр гээд бидний сэтгэлд хоногшсон олон уран бүтээлд дүрээ мөнхөлсөн билээ.
Э.НОМИН