Оюутнууд амарч, ихэнх хүмүүс зуны амралтаараа хөдөө гадаа явсан тул Цусны төвд цусаа өгөх иргэдийн тоо эрс багасч, хомсдолд оржээ. Ер нь зун болгон ийм асуудал тулгардаг хэмээн тус төвийн ажилтнууд мэдээлж байсан юм. Цусны нөөц багассанаар нэн даруй цус сэлбэх шаардлагатай өвчтөнүүд хүндрэлд оржээ.
Өчигдрийн байдлаар гэхэд найман хүүхэдтэй 50 настай ээжид гуравдугаар бүлгийн цус их хэмжээгээр, 23 настай дөнгөж төрсөн нялх биетэй ээжид хоёрдугаар бүлгийн цус, хоёр настай бяцхан хүүд хоёрдугаар бүлгийн цус, 17 настай хүүд дөрөвдүгээр бүлгийн цус яаралтай хэрэгтэй байгаа аж. Иймд иргэдийг цусаа хандивлаж, бусдын амийг авран буян үйлдэхийг Цус судлалын үндэсний төвөөс уриалж байна.