Энэ зун хүн бүр аль нэг сумын ойд, ямар нэгэн байдлаар оролцож байгаа гэхэд хилсдэхгүй. Төрсөн сум нь биш гэхэд хадмын, аавын, ээжийн гээд сумын ой өөрт нь хамаарч л таараа. Зарим нь амралтаа тааруулж нутгийнхаа ой руу давхиж байгаа бол нөгөө хэсэг нь банкин дахь хандивын дансанд хэдэн төгрөг хийчихээд наадмынхаа сонинг утсаар сонсч байгаагаас гарцаагүй. Аймгаараа, сумаараа, сургуулиараа овоглосон л бол ойд нь ямар нэгэн хэмжээгээр заавал оролцох ёстой гэж манайхан үздэг. Нутгийн зөвлөлийнхөн хүмүүсийн ийм өөриймсөг үзэл дээр тулгуурлаж ойгоор багагүй хандив цуглуулдаг. Цугласан мөнгөний ихэнх нь түрүү бөх, морины бай багахан хэсэг нь сумын угтах хаалга, хөшөө, захиргааны байрны засвар төдийхөнд зориулагддаг. Сум, сургууль ойгоо тэмдэглэхэд хэдэн зуун саяар тоологдох хандив цугладаг юм чинь төрөх эмнэлгүүд ойгоо тэмдэглэвэл яах бол. Нийслэлийн нэг төрөх эмнэлэгт төрсөн хүний тоо лав аймгийнхаас хавьгүй олон байгаа. Төрөх эмнэлгийн ойд тэнд төрсөн хүүхдүүд хандив өргөөд, цугласан мөнгөөр нь өргөтгөл барьж болно шүү дээ. “Би чинь I төрөхийн хүүхэд шүү дээ” гэж ярьж яагаад болохгүй гэж. Нэг онд төрсөн хүүхдүүд нийлээд нэг хэсгийг нь сайхан тохижуулахад ядах юмгүй. Тэгвэл суманд хөшөө барьснаас илүү үр дүнтэй, өгөөжтэй бүтээн байгуулалт болно доо. Нутгийн зөвлөл хандив цуглуулаад байхад Төрөх эмнэлгийн зөвлөл яагаад болохгүй гэж. Төрөх эмнэлгийн зөвлөл байгуулж, төрсөн эмнэлгийнхээ ойг тэмдэглэцгээе.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР