Тураал, сульдаа, цус багадалт зэрэг хүүхдийн суурь өвчнийг эрүүлжүүлж, чийрэгжүүлэх зорилгоор 2002 оноос эхлэн Дархан-Уул аймагт бага насны хүүхдийн зуны чийрэгжүүлэх сувилалыг ажиллуулж эхэлсэн бөгөөд өдгөө 12 жилийн хугацаанд 5448 хүүхдийг чийрэгжүүлжээ.
2014 оны 06 дугаар сарын 01-нээс эхэлж Дархан сумын “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд, “Гос-хот”, “Түвшин-Холбоо” өрхийн эрүүл мэндийн төвүүд, мөн Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд 4 сувилалыг ажиллуулж, 485 хүүхдийг чийрэгжүүллээ.
Зуны чийрэгжүүлэлтийн сувилалыг 2002-2011 онуудад Норвегийн байгууллагын Эрүүл мэндийн төслийн санхүүжилтээр ажиллуулдаг байсан бол 2012 оноос эхлэн аймаг, сумын Засаг даргын Тамгын газраас 1-2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлдэг болсон байна.
Уг сувилалд эмзэг бүлгийн тэжээлийн доройтол болон жингийн алдагдалтай, суурь өвчтэй хүүхдүүдийг эмчилж, сувилж, чийрэгжүүлэхээс гадна эцэг эхчүүдэд хүүхдийг хооллох, асарч, сувилах талаар сургалтыг зохион байгуулдаг ажээ.
Зуны сувилалын үр дүнд сульдаа өвчтэй хүүхдийн 85 хувь эдгэрсэн бөгөөд хүүхдийн жин 300-500 граммаар нэмэгдэж, биеийн эсэргүүцэл, дархлаажуулалт 95 хувь сайжирснаар хүүхдийн ханиад томууны өвчлөлийг 30 хүртэл хувиар бууруулаад байна гэж хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Д.Цэвээндулам мэдээллээ.