Баянзүрх дүүрэгт “Сайн өдөр” зах ажиллахаар болжээ. Тодруулбал, тус дүүргийн ЗДТГ-ын өмнөх талбай, Жуковын талбай, Торгоны зам дэлгүүрийн өмнөх талбай болон Сансарын тунелийн талбай гэх дөрвөн цэгт ирэх наймдугаар сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-нийг хүртэл долоо хоног бүрийн бямба, ням гаригт дүүргийн “Сайн өдөр”-ийн зах ажиллахаар болсон байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, иргэд, худалдан авагчиддаа ченжгүй худалдан авалт хийхэд нь зориулж, дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Сайн өдөр” зах ажиллуулах захирамж гаргажээ.
Ирэх бямба гаригийн 09.00 цагаас эхлэн долоо хоног бүрийн хагас, бүтэн сайнд дээрх дөрвөн байршилд гарах асар бүхий захад худалдаа үйлчилгээ хийх иргэдийн бүртгэлийг дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэст авч байгаа юм байна. Тус хэлтэст бүртгүүлсэн үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг, эх орны хөрсөндөө тарьсан хүнсний ногоо тариаланчид болон сүү, сүүн бүтээгдэхүүний худалдаачид “Сайн өдөр”-ийн захад худалдаа хийхдээ ямар ч түрээс, шимтгэл төлөхгүй аж. Харин тухайн долоо хоногийн бямба гаригийн өглөө хамгийн түрүүнд ирсэн иргэд хамгийн сайн байрлалд зогсож худалдаа эрхлэх боломжийг авах эрхтэй гэдгийг зохион байгуулагчид онцлов.
Ингэснээр хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгчийнх нь гараас нэмэгдсэн бодит үнээр худалдан авах боломж бүрдэх юм байна.