Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Баасандорж: Паркад хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм мөрдөгдөхгүй байна

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн
“Галзуу хулгана” тоглоом 16 хүний аминд хүрэх гэж байсан талаарх
мэдээлэл гарч, олон хүнийг айдаст оруулаад байсан. Тухайн мэдээллийг
гарсаны дараахан НМХГ-аас ҮСАХ-нд энэ сарын 24-ний өдөр үүссэн нөхцөл
байдалд шалгалт судалгааг хийснээ сэтгүүлчдэд танилцууллаа. Мэдээллийн
үеэр НМХГ-ын дэд дарга М.Баасандоржоос цөөн зүйл тодрууллаа.

-Шалгалтын дүн ямар гарсан бэ?

-“Галзуу хулгана” буюу дөрвөн цагирагт
тойрог замын тоглоомд энэ сарын 24-ний өдөр осол болж, тухайн үед тоглож
байсан хүмүүс гэмтсэн гэсэн мэдээллийн дагуу НМХГ-аас хяналт шалгалтыг
хийсэн. Тэгвэл тухайн үед хэвлэл мэдээллээр цацагдаж байсан мэдээлэл яг
тэр хэмжээгээр батлагдаагүй. ҮСАХ-гийн тоглоомын оператор Г.Тэмүүлэн гэх
ажилтан өөрийн хариуцлагагүй ажиллагаанаас болж олон нийтэд ташаа
мэдээлэл өгсөн байсан нь тогтоогдсон.

-Тухайн үед яг юу болсон юм бол?

-Тухайн операторын буруутай үйл
ажиллагаанаас болж зогсоох тормозны нэгийг нь ажилуулаагүйгээс тэнд
тоглож байсан хүмүүст тодорхой хэмжээний чичиргээ, доргио үүссэн.
Түүнээс биш тоног төхөөрөмж гэмтэж, тоглоомд гэмтэл учирч, үйл
ажиллагааг нь зогсоож, хүн гэмтсэн зүйл байхгүй.

-Ямар нэг зөрчил илрээгүй гэсэн үг үү?

-НМХГ нэгэнт энэ мэдээллийг аваад хяналт
шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар тодорхой зөрчлүүд илэрсэн.
Нэгдүгээрт, ҮСАХ-гийн үндсэн болон гэрээт ажилчдын хөдөлмөрийн аюулгүй
 ажиллагааны мэдлэг дутмаг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа
өгөх ажлын дүрэм журам төдийлөн мөрдөгдөж ажилладаггүй байсан. Мөн тус
тоглоомын тормоз, аюулгүй ажиллагааны хэрэгслүүдийн ажиллагааг газар
дээр нь шалгахад өгсөх замын тормозны урд талын пүрш байхгүй, хойд талын
хөл буцаах пүрш тасарсан. Тоног төхөөрөмжийн  өдөр тутмын шалгалтыг
үзэж гүйцэтгээгүй байсан. Түүнчлэн, цуваа машины суудлыг бэхлэх, хаах
зориулалт бүхий хамгаалалтын тусгаарлагчийн боолт хэсэг нь сэтэрсэн, мөн
тус тоглоомын ашиглалтын өдөр тутмын зааварчилгааг мөрдүүлж ажиллаагүй
байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ.

-Тоглоомыг удирдаж байсан гэх тэр хүүхэд мэргэжлийнх байсан уу?

-Оператор болон үйлчилгээний ажилтан нь
ажлын байрны үнэмлэхтэй боловч мэргэшүүлсэн үнэмлэхгүй, гэрээт ажилчдыг
ажиллуулж байсан. Дараагийн зөрчил нь оператор болон үйлчилгээний
ажилтанг аюулгүй ажиллагааны заавар авсан, ажлын байранд хуваарийн дагуу
ажиллуулаагүйн улмаас  анхаарал болгоомж дотоодын сахилга бат
алдагдсан. НМХГ-аас 2013 онд шалгалж хийж байсан. Харин энэ онд шалгалт
хийгээгүй. Тиймээс ирэх сарын 8-наас томоохон шалгалтууд дахин хийхээр
төлөвлөж байна. 

Б.ЦЭЛМЭГ

Эх сурвалж www.medee.mn 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *