Categories
гадаад мэдээ

“Орбис” эмнэлэг 20 гаруй хүнд нүдний мэс засал хийжээ

АНУ-ын “Орбис” нисдэг нүдний эмнэлэг нь манай оронд энэ жил долоо дахь удаагаа хүрэлцэн ирж, Монголын нүдний эмч, профессорууд, сувилагч нарын дунд нүдний тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах эрчимжүүлсэн сургалтыг амжилттай зохион байгуулжээ. Энэ талаар тус эмнэлэгийн захирал Ахмед Гома, Хойд Азийн салбар хариуцсан захирал Жорж Смит болон ЭМЯ-ны нүдний салбар зөвлөлийн дарга Ж.Баасанхүү нар дэлэгрэнгүй мэдээлэл өглөө. 

“Орбис” эмнэлэгийн эмч,  хамт олон Улаанбаатар хотод долдугаар сарын 20-оос наймдугаар сарын 1-н хүртэл манай нүдний эмч сувилагч болон тоног төхөөрөмжийн инженерүүдэд хоёр үе шаттай сургалт зохион байгуулжээ. Мөн өөрийн  эмнэлэгтээ болон Улсын гуравдугаар төв эмнэлэгт харааны бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч, тусламж үйлчилгээ үзүүлэн, үнэгүй харааны түвшин тогтоож, хараа сайжруулах пластик мэс засал хийсэн байна. Энэ жилийн айлчлалаар нийтдээ 20 гаруй хүнд мэс заслын хагалгааг хийсэн гэнэ. 

Тус эмнэлэгээс зохион байгуулж буй сургалтад манай  50 гаруй профессор эмч, сувилагч нар хамрагдаж, нүдний болор цайх, нүдний даралт ихсэх өвчин, торлогийн эмгэг, хялар, сэргээн засах пластик хагалгааны чиглэлээр туршлага солилцон, суралцжээ.  

Мөн онгоцтой эмнэлэгийн өндөр хүчин чадалтай тоног, төхөөрөмж дээр дадлага хийсэн байна. 

 Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд тус эмнэлэгтээ танилцах боломж олгосон юм. “Орбис” нисдэг эмнэлэг нь дэлхийд ганцхан байдаг бөгөөд нэг дор 5-10 хүн хүлээн авах хүчин чадалтай. Онгоц эмнэлэг нь дотроо нисгэгчийн бүхээгнээс гадна таван хэсэгтэй аж. Үүнд: сургалт, лекцийн танхим, дадлагажуулах тоног төхөөрөмжийн өрөө, мэс заслын өрөө, багаж ариутгалын өрөө, мөн өвчтөнүүдийг мэс засалд оруулахын өмнө болон дараа амраах өрөө багтана. Хамгийн сүүлийн үеийн, шилдэг тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон аж. 

“Орбис” эмнэлэг мөн ирэх есдүгээр сард Монголд дахин айлчилж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Хүүхдийн нүдний тусламж үйлчилгээний жишиг” нэртэй урт хугацааны төслийг хэрэгжүүлэх юм байна. 

 Э.Номин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *