Categories
онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Гадаадад байгаа монголчууд Хойд солонгосчуудаас гэнэн биш гэж найдъя

Хойд Солонгосын эрх баригчид хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа
иргэдээ татахаар ухуулга, сурталчилгаа явуулж эхэлжээ. Тэд гадаадад дүрвэсэн иргэдээ
эргэж ирвэл орон сууц бэлэглэнэ гэж амласныг 
хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Эрх баригчид нь эх орондоо ирсэн
иргэдээ шийтгэхгүй гэнэ. Гэхдээ яаж тэсэхэв, хөдөлмөр хийлгэж жаахан хүмүүжүүлнэ
гэсэн байна лээ.  Хойд Солонгосын энэ ажил
манай төр засгийн бодлоготой адилхан мэт санагдах боллоо. Амлаж байгаа амлалт нь
ч, гаргаж байгаа зан ааш нь ч яг ижил мэт бодогдох юм.

Манайхан гадаадад ажиллаж, амьдарч байгаа нутаг нэгтнүүдээ “Монголдоо
ирж сайхан амьдар” гэж дуудаад л байдаг. Гадаадад дарамт шахалтгүйгээр нэр төртэй
ажил хийж, бизнес эрхлээд гэр бүлээрээ элбэг хангалуун сайхан амьдарч байгаа монголчуудыг
яагаад наашаа дуудаад байгааг ойлгодоггүй. Бидэнд захирагдахгүй зоргоороо сайхан
амьдраад байна гэж атаархдаг юм уу. Хэсэг монголчууд авлига өгөхгүй бизнес нь цэцэглээд
жаргаад байна гэж занадаг юм уу. Эсвэл нам, фракцийг нь санхүүжүүлэхгүй байж мөрөөрөө
сайхан амьдраад байна гэж хорсдог юм уу. 
Монголд хийгээгүй ажлаа хийгээд, эдийн засгийн эрх чөлөөтэй амьдарч байгаа
хүмүүсийг зөгий… юу юу ч билээ амьтны нэрээр нэрлэчихсэн. Юунд нь дургүйцэж, хорсоод,
атаархаад байдаг юм, байсхийгээд л “Монголдоо ир” гээд байдаг болсон. Яг Хойд Солонгосын
удирдагчид шиг Монголд л ирвэл ажлын байраар хангана, сайхан амьдруулна, жаргаана
гэж ятгах боллоо.

Дүрвэсэн иргэдээ буцаж ирэхийг ятгасан хүмүүст Хойд Солонгосын эрх
баригчид өндөр шан харамж өгнө гэсэн байна лээ. Үүнтэй ижил манайд ч гадаадад байгаа
монголчуудаа буцаж ирэхийг ухуулдаг, уриалдаг олон төрийн бус байгууллага засгаас
мөнгө авч байгаа. Тэд үүнийхээ хариуд улс орнуудаар явж тэнд байгаа монголчуудтай
уулзалт зохион байгуулан, эх оронд нь бизнес хийх боломж, өндөр цалинтай ажлын байр
байгаа мэтээр ухуулдаг. Хойд Солонгосын дүрвэгсэд нутагтаа буцаж очвол тариалангийн
талбай эсвэл уурхайд хүнд хүчир ажил хийнэ. Хүнд ажил, дарамтаас амьд үлдэж чадсан
нь байртай үлдэх л байх. Гэхдээ бараг тийм боломж байхгүй гэдгийг Хойд Солонгосын
Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн төрийн бус байгууллага эрх баригчдынхаа эсрэг мэдэгдэл
хийхдээ онцолсон байна лээ. Манайд ч гадаадаас ирж байгаа бизнес эрхлэгчид, боловсролтой
залуус амаараа шороо үмхдэгийг бид харж байна. БНСУ-д ажил хийж цуглуулсан мөнгөөрөө
Монголд тавилгын үйлдвэр нээхээр ирсэн залуу төрийн байгууллагын албан хаагчдын
гарыг цайлгасаар байгаад бизнес нь эхлэлгүй дампуурсан талаараа “Өдрийн сонин”-д
ярьсан. Бас АНУ-ын нэр хүндтэй их сургууль төгсөөд ирсэн Ю.Оргил гэдэг залуу дипломоороо
биш аавынхаа нутгийн танилыг гуйж байж ажилд орсон тухайгаа манай сонинд ярихдаа
“Эх орондоо ирдэггүй байж гэж бодох боллоо. АНУ-д би мэдлэгээрээ хоолоо олж иддэг
байсан. Харин энд яам, тамгын газарт танил тал хайж амьдарч байна” гэсэн байна лээ.
Тэдэн шиг Монголд ирсэндээ харамсч, төр засгийн сайхан амлалтад хууртсандаа гэмшиж
байгаа хүн олон бий.

Монголдоо буцаж ирж байгаа иргэдэд мэдлэг боловсрол, туршлага хэрэг
болдоггүй. Харин огт өөр сонголт өмнө нь ирдэг. Тухайн үед эрх барьж байгаа намд
элсэх хэрэгтэй болдог. Өөрийнхөө ажилд хамаарах яамны сайдын цүнхийг барьж, бэлэг
сэлт барин урд хойно нь гүйх шаардлага гардаг. Танил тал хайж, аль нэг фракцид элсэн
түүнийгээ санхүүжүүлэхээс аргагүйд хүрдэг. Харин баруунд боловсрол эзэмшсэн, төр
засгийн дарамтгүй ажиллаж сурсан залуус ингэж явахыг хүсдэггүй. Тэд өөрийнхөө толгойгоор,
өөрөө бизнес эрхлэхийг хүсдэг нь эрх баригчдад таалагддаггүй. Тэгээд л Хойд Солонгос
шиг шалгуулж, дарамталж эхэлдэг. Манайд тэгж шалгадаг, дарамталдаг байгууллага нь
АТГ. Өөрийнхөө хүчээр бизнес эрхэлснийхээ “шан”-д АТГ-т шалгуулж, хэн ч биш болсон
жишээ Монголд олон байна. Германд аялал жуулчлалын компанитай байсан Х.Анхбаяр гэдэг
залуу Монголдоо ирээд уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татаж, чамлахааргүй ажил
хийсэн. Намд элсэлгүй бизнес хийж байгаа нь эрх баригчдад таалагдаагүй учраас АТГ-т
шалгуулж, эцэст нь ажилтандаа зарсан байрыг нь авлигынх  болгож ял оноолоо. Үүн шиг олон жишээ байгааг
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн. Тэрбээр “АТГ өндөр
боловсролтой, 100 бизнесмэнийг шоронд хорьсон. Тэдний нэг л нь зуу, цаашлаад мянган
хүнийг ч ажлын байртай болгох чадалтай гэдгийг бодооч. Тэр бизнесмэнүүд чинь валют
үйлдвэрлэдэг хүмүүс” гэсэн нь баримт болж үлдсэн. 

Монголд шүүхэд очуулалгүй хоёр жил шоронд хатааж болдог хуультай.
Эрүүгийн хуулийн хүнд гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр шалгаад эхэлбэл, хоёр
жил ч шоронд хорьж болдог. Тэр хооронд эхлүүлсэн бизнес нь дампуурч, эдийн засгийн
чадваргүй болдог. Эцэст нь хорт хавдартай, хөл гар нь өвддөг бизнес эрхлэх ямар
ч чадваргүй болсных нь дараа “Хэрэг чинь нотлогдсонгүй. Азтай хүн юм” ухааны юм
яриад гаргачихсан тохиолдол ч бий. Ингээд гадаадад тайван сайхан амьдарч байсан
гэр бүл хэцүү байдалд ордог. Эргээд гадаад руу явъя гэсэн ч тэнхэлгүй болгоод орхидог.

Ерөөсөө л Монголд өөрийнх нь нам, фракцид ороогүй л бол хэн ч биш,
нохойн гөлөг гэж үздэг. Тийм ч учраас өндөр боловсролтой нэгэн биш даргын жолооч
сайд болсон жишээ ч бий. Бие хамгаалагч нь дэд сайд болсон тохиолдол ч байгаа. Харин
гадаадад өндөр боловсрол эзэмшиж ирээд сайд, дарга болсон түүх, тохиолдол Монголд
байгаагүй. Монгол төрийн чадамж ийм сул, дорой байгааг боловсролтой залуус шоолдог.
Дэлхийд дээгүүрт ордог хоёр их сургууль төгссөн залуус гадаадад дүрвэх талаар ярьж
байна. Тэд ялагдсан намын гишүүн учраас, ажилгүй болсон учраас гадагшаа явах гэж
байгаа нь тэр. Монголд байдал ийм л байна. Ийм байхад гадаадаас ирээд хүссэн ажилдаа
орж чадах уу. Сонирхсон бизнесээ эхлүүлж амжих уу.

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа та бүхэн минь “Монголдоо ирээд сайхан
амьдар” гэсэн төр засгийн уриалганд хууртав аа. Сонголтоо зөв хийгээрэй гэж гадаадаас
ирсэн олон монгол хүн хэлж байна. Гадаадад байгаа монголчууд Хойд солонгосчуудаас
гэнэн биш гэж найдъя.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *