Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өглөөний сонин”-ы сэтгүүлчийг шүүх гэм буруугүй гэж үзлээ

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Б.Даваадоржийг гүтгэсэн гэх хэргээр “Өглөөний сонин”-ы сэтгүүлч Р.Саруултөгсийг шүүлээ. Шүүх хуралдаан 14.00 цагт дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хаалттай эхэлсэн юм. Сэтгүүлч ХБНГУ-д Элчин сайдаар ажиллаж байсан Б.Даваадоржийн дансанд таван удаагийн үйлдлээр 201 мянган евро шилжин орсон гэх мэдээллийг бичиж  сониндоо цувралаар нийтэлсэн юм. Үүгээрээ бусдын нэр төр, алдар хүндэд халдаж, гүтгэсэн гэх үндэслэлээр шүүгдэж байгаа аж. Шүүхийн байрны өмнө сэтгүүлчид “Германы Элчин сайд асан Б.Даваадорж сэтгүүлчээс бохир савраа тат”, “Өглөөний сонин” сэтгүүлчээ өмөөрөх эрхтэй”, “Сэтгүүлч эх сурвалжаа хамгаалах эрхтэй” гэх мэт лоозон барин зогссон байв. Цагдаа нар тэднийг шүүхийн байрны өмнө эсэргүүцэл илэрхийлэхгүй байхыг шаардаж, хөөсөн юм. Б.Даваадорж нь сэтгүүлчийг баримт олж авахад тусалсан эх сурвалжаа хэл гэж удаа дараа тулгасан аж. Энэ талаар “Өглөөний сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга С.Туул “2013 оны тавдугаар сараас эхлэн манай сонин Монгол Улсаас Германд суух элчин сайд Б.Даваадоржийн данс руу Монгол Улсаас таван удаагийн үйлдлээр 201 мянган евро орсон гэсэн мэдээллийг нийтэлсэн. Зөвхөн энэ мэдээллийг дэлгээд зогсохгүй өмнө нь энэ хүний холбогдож байсан хэргийн хурлын протоколуудыг авч, олон нийтэд мэдээлсэн. Дараа нь Б.Даваадорж “Өдрийн сонин”-нд ярилцлага өгсөн. Тэгэхдээ “Өглөөний сонин дээр ийм мэдээлэл гарсан байна” гэсэн сэтгүүлчийн асуултад “Тийм ээ, таван удаагийн үйлдлээр миний данс руу мөнгө орсон нь үнэн” гэж яриад, өөрөө нотолсон байгаа. Тэгсэн атлаа Сэтгүүлчийг баримт олж авсан эх сурвалжаа хэл гэж тулгаж байна. Энэ нь сэтгүүлчийг мохоох гэсэн арга. Сэтгүүлч маань энэ мэдээллийг ганцхан эх сурвалжаас аваагүй. Маш олон эх сурвалжаас мэдээллээ авсан” гэсэн юм. Хаалттай эхэлсэн шүүх хуралдаан тус сэтгүүлчийг гэм буруугүй гэж үзлээ.

Ц.Өрнөх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *