УИХ-ын чуулган завсарласан энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Буриад улсын Эрхүү мужид албан ёсны айлчлал хийж байгаа аж. Энэ удаагийн айчлалаар Эрхүү мужийн эрх баригчдад хандан худалдааны чөлөөт бүс хамтран байгуулах санал тавьсан талаар хойд хөршийн “Байкал инфо” сонинд нийтэлсэн аж.
Тодруулбал, “Монголын дээд хэмжээний төлөөлөгчдийн хийсэн айлчлалын үеэр чөлөөт худалдааны бүс хамтран байгуулах асуудал хөндөгдлөө. Хамтарсан чөлөөт худалдааны бүс байгуулагдсанаар хоёр талын худалдааны эргэлт нэмэгдэхээс гадна бизнесмэнүүдэд хамтарч ажиллах шинэ, шинэ боломжууд бий болно гэдэгт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар итгэлтэй байна. Жишээ нь, Монгол Улс мал аж ахуйн гаралтай мах болон бусад хүнсний бүтээгдэхүүн, чанартай арьс, ширэн бүтээгдэхүүнийг санал болгож чадна гэж тэрбээр хэлсэн” хэмээн бичжээ. Мөн хоёр талын харилцааны өнөөгийн байдлын талаар “Монгол, Эрхүү муж сүүлийн үед урлаг, спорт, боловсрол, бизнесийн чиглэлээр нягт хамтран ажиллаж байна. Жил бүр хэдэн арван монгол оюутан их дээд сургуулиудад суралцдаг бөгөөд манай эндхийн боловсролыг Монголд зүй ёсоор хүндэтгэж үздэг” хэмээн эерэг зүйл бичсэн аж.
Монгол-ОХУ-ын хооронд визгүй зорчих гэрээг ирэх наймдугаар сард, Халх голын ялалтын 75 жилийн ойгоор В.Путин, Ц.Элбэгдорж нар Монголд батална гэж мэдээлж байсан. Гэвч сүүлийн үед “В.Путин Монголд ирэх эсэх нь эргэлзээтэй” гэсэн мэдээлэл гараад буй ч уг визгүй зорчих гэрээ хэрэгжих цаг ойртож байгаа бололтой.ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгч Вячеслав Наговицын энэ талаар “Энэ асуудлыг манай хоёр улсын төрийн тэргүүнүүд ярьчихсан. Монголын тал ирэх есдүгээр сар гэхэд шилжих боломжтой гэдгээ сая илэрхийллээ. Одоо бид гаалийн шалган нэвтрүүлэх цэгүүдийнхээ хүчин чадлыг олон хүнд зэрэг үйлчлэх боломжтой болгон өргөтгөж байна. Энэ бол эхний шат. Дараагийн шат бол мэдээж, визгүй журамд шилжинэ” хэмээн өгүүлжээ. Тэрбээр Оросын тал саналыг бүрэн хүлээж авсан болохыг баталсан ийнхүү баталсан байна.
Монголын төлөөлөгчид Эрхүү хотод зочлох үеэр ОХУ-ын Буриад улсын Ардын хурлын орлогч дарга Владимир Павлов “Хоёр улс визгүй зорчих гэрээ байгуулсны дараа хэрэгжилтийг нь хангах тал дээр бэлтгэл ажлуудыг бид зохион байгуулж байна. Тэгвэл би өнөөдөр та бүхнээс “Хоёр улс хоорондоо визгүй чөлөөтэй зорчдог болох, болсны дараа худалдаа эдийн засгийн харилцаагаа илүү бэхжүүлэх тал дээр Монголын тал ямар ажил хийж байна вэ” гэж асууя. Хоёр талын худалдаа эргэлт нэмэгдсэнээр зөвхөн Буриадад биш, Монголд ч бас ашигтай шүү дээ” хэмээн манай төлөөлөгчдөөс асуусан байна. Энэ асуултад УИХ-ын гишүүн Ц.Цолмон “Энэ асуудал ойрын хугацаанд шийдэгдэж, манай хоёр улсын иргэд бизнесийн болон амин хувийн шалтгаанаар хоорондоо чөлөөтэй зорчдог болно гэдэгт би итгэж байна” хэмээн хариулсан аж.
Сонирхуулахад, Эрхүү муж нь Сибирийн холбооны тойрогт багтдаг, 774 846 км нутаг дэвсгэртэй, хүн амын тоогоор Монгол Улстай ойролцоо / 2014 оны байдлаар 2 418 348 хүн амтай/. Мод бэлтгэл, целлюлоз-цаас үйлдвэрлэл, уул уурхай, машин угсралтын салбар түлхүү хөгжсөн. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр ОХУ-ын бүрэлдэхүүнд багтсан 83 субъектээс 20-д жагсдаг. Аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн мужийн тоонд ордог бөгөөд ОХУ-д үйлдвэрлэгдэж буй нийт эрчим хүчний 6.5 хувь, мод бэлтгэлийн 15 хувь, нүүрс олборлолтын зургаан хувь, целюллюлозын 20 хувь, картон цаасны 10 хувь, нефть бүтээгдэхүүний есөн хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Монгол Улсын хувьд худалдааны чухал хамтрагч байж чадах муж юм. Өнгөт металл, хар төмөрлөг зэрэг байгалийн баялаг ихтэй бөгөөд манайхаас ялгаатай нь энэ чиглэлийн боловсруулах үйлдвэрүүдийг хангалттай байгуулсан. Хүнд үйлдвэрлэлийн салбарт манай улсад үлгэр жишээ болж чадах аж.