Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Импортын барааны эрсдлийг тодорхойлох шалгуур үзүүлэлт”-ийн төслийг Засгийн газрын хуралдаанаар батлуулжээ.
Ингэснээр импортын бүх бараанд хяналт шалгалт хийхгүй, зөвхөн эрсдэлтэй бараанд хяналт хийх, эрсдэл багатайг хяналтаас чөлөөлөгдөх юм байна. Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийгмийн аюулгүй байдалд учруулж болох хор хохирол, сөрөг үр дагаврыг харгалзан нийт 5744 барааг бага, дунд, их эрсдэлтэй хэмээн ангилжээ. Их болон дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн 2194 барааг Хилийн мэргэжлийн хяналтад хамруулж, бага эрсдэлтэй 3550 барааг хяналтаас чөлөөлсөн байна. Хяналтад хамрагдах 2194 барааг эрсдлээр нь “Ногоон”, “Шар”, “Улаан” гэж гурав ангилна. “Ногоон” төлөвт хамаарагдах бараанд зөвхөн баримт бичгийн хяналт хийх бол “Шар” төлөвт баримт бичгийн болон биет үзлэг, “Улаан” төлөвт баримт бичгийн, биет үзлэг болон лабораторийн шинжилгээт хяналт шалгалт хийнэ. Дээрх гурван төлөвийн зөвхөн “Улаан” төлөвийн бараанаас дээж авах аж.
Урьдчилсан байдлаар дээрх 2194 барааны эрсдлийг үнэлэхэд ойролцоогоор 35 хувь нь буюу 700 гаруй бараа нь “Улаан” төлөвт буюу эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.