Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайн шийдвэрийн патент

Төр муу менежер гэдэг ч үе үе их сайн шийдвэрүүд гаргадаг болсон байна шүү. Цоо шинэ санаа гэж угаасаа их ховор агаад олон түмнээс ирж буй санал бодлуудаас заримыг нь  хүнд суртал үл гарган анзаарч “Нээрэн тэгээд үзье” хэмээн шийдвэртээ тусгах нь тийм ч амар биш. Ухаалаг шинэчлэлүүдийг зорилго биелэгдсэнээр нь цагаатгаж болох ч ихэвчлэн хууль зөрччих гээд байдаг.

Зах зухаас нь дурьдахад цагдаа улам энгийн хувцастай болсон, “Шилэн данс”-ны хуулийн заалтууд, Хонины ноосыг 2000-аар авч сурагчийн дүрэмт хувцасны даавуу үйлдвэрлэх цогц менежмэнтүүд, “Долоон худаг”-т үндэсний наадмыг төвлөрүүлж байнгын ажиллагаатай болгох, Авто ба барилгын захыг хотоос гаргахаар шийдсэн, хөдөөний наадам дээр мотоцикль унаж ирэхийг хориглосон, хотод зөвшөөрөлгүй газар зогссон машиныг ачихын зэрэгцээ “чөдөрлөөд” явчихдаг болсон гээд олон сонин санаануудыг яриа бус  ажил болгожээ. Энэ болгоны цаана эдийн засгаас гадна өөр олон ач холбогдол давхар харагдах нь бүр ч баяр хүргэмээр.

Замын-Үүд боомт дээр шатахууныг хоёр өөр замаар явдаг галт тэрэгнээс  шилжүүлэх төхөөрөмж угсраад, бензин хадгалах аварга сав хэдийг бариадахсан чинь бид нефтийн хараат байдлаасаа гараад зогсохгүй зохиомол хомсдол арилж, үнэ анх удаа хямдрахыг үзэцгээлээ. Ийм энгийн амархан шийдэл байсныг анзаараагүй байсан байгаа юм. 

Ийм ач холбогдолтой сайн шийдвэрүүдийг оюуны өмчийн газраар патентлуулж, ямар нэг хэлбэрээр үнэлдэг болговол төрд ажиллагсад урам орж удирдлагыг урлагийн өндөр түвшинд гүйцэтгэдэг болно.

Ж.ГАНГАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *