Архангайн аймгийн тэшүүрийн баг улсын аваргад оролцохоор Улаанбаатарт бэлтгэлээ базааж байх үеийн зураг. 1969 он. Арын эгнээнд баруун гар талаас хоёр дахь нь Б.Энхтүвшин гурав дахь нь Алтангэрэл, өвөр эгнээнд баруун гар талаас Я.Сумъяа.
Монгол Улсын Шадар сайд Ч.Пүрэвдоржийн нэрэмжит Архангай аймгийн Тариат сумын Бүрэн дунд сургуулийнхан Хорго нутагтаа саяхан сургуулийнхаа 90 жилийн ойг ёслол, хүндэтгэл дүүрэн тэмдэглэлээ. Улс орныхоо салбар бүрийн торгон жолоог атгалцаж, томоохон ажлын голыг нугалалцдаг чанартай, шийртэй шавь нар төрүүлдгээрээ Хоргын 10 жилийн бүрэн дунд сургууль хол ойрт зартай. Тэр дундаа Даринчулуун, Д.Доржоо багштай нэг ангийнхан, Б.Доржготов пионерийн ахлах удирдагчтай бүлгэмийнхэн, Жимээхүү багштай түүх судлаачид, Мавган, Адьяасүрэн багштай орос хэл, Пэрэнлиймаа, Мижиддорж багштай “Залуу байгальч” дугуйлан, Дашдорж багштай “Хоргын цуурай” урлагийнхан, Далантай багштай аймаг улсад нэрээ гаргасан тэшүүрийн шигшээ багийнхан гээд дурсан санах хамт олон нэгээр тогтохгүй.
Тэдэн дундаас Тариат сумын арван жилийг Доржоо багшийн удирдлаган дор 1973 онд төгссөн 10-ын “А” ангийнхныг онцолж байна. Учир нь тус ангийнхан конкурсээр аймагтаа тэргүүн байр эзэлж, хэд хэдэн сурагч алтан медальтай төгссөн сайчуудын “цуглуулга”. Тэд дан ганц сурлагандаа гаргуун байгаад зогсохгүй урлаг спортоороо ч манлайлагчид нь байж.
Эдний ангийнхан өөрсдөд нь төдийгүй Тариат сумын сурагчдад зөв сайхны үлгэр дуурайлал болсон пионерийн удирдагч багш Дорготовоороо бахархдаг юм билээ. Өөрсдийнхөө талаар ярихаас илүү багш нараа ам булаалдан сайшаана. Сайн сайхан амьдарч яваагаа багш нарынхаа зүтгэлтэй холбоотой гэцгээнэ. “Пионерийн идэвхтэн, бүлгэмийн зөвлөлийн дарга гээд бүрээ бөмбөрийн дунд гүйж явсан минь илүү тодхон. Сурагч бид ихэнх цагаа пионерийн танхим, шугам жагсаалын талбай дээр Доржготов багшийнхаа дэргэд өнгөрүүлдэгсэн. Багш минь сургуулийнхаа түлшинд явж байгаад модонд цохиулж ид 25 насандаа нэг хөлнөөсөө хагацсан. Гэвч хэзээ ч хэнд ч ялархахгүй, “Хөл муутай хүн” гэх өчүүхэн төдий ч бодол төрүүлэлгүй бага ангийн багш, Пионерийн ахлах удирдагч, монгол хэлний багш, албан бус боловсрол хариуцсан багш… гээд хөдөөгийн сургуулийн хамгийн ярвигтай, хүнд хүчирт түүртэлгүй зүтгээд гавьяаныхаа амралтыг эдэлж суугаа домог мэт намтартай эгэлгүй хүн.
Хажуугаар нь нам, эвлэл, сум орон нутгийн хэчнээн ч олон хариуцлагатай ажил албаны ард нь гараа бол. Сурагч бидний хэрхэн сурч хөдөлмөрлөхийн жинхэнэ амьд үлгэрлэл байсан даа. Сэтгэл байвал алхах хөл бүү хэл нисэх жигүүр байдгийн биет үлгэр, амьд гэрч, Хоргын 10 жилийн алтан үеийнхний нэг Б.Доржготов багшаараа бахархаад баршгүй” хэмээн хуучилна. 1963 онд Тариат сумын нэгдүгээр ангид элсэн ороход нь “А” зааж, ацаг татуулж гарыг нь зүгшрүүлсэн багш нь Намдалсүрэн аж. Намдалсүрэн багшийн нөхөр Сономдэндэв Хоргын 10 жилийн дунд сургуулийг олон жил удирдсан захирал байж. Хоёулаа боловсролын байгууллагад ажилладаг байж.
Эдний ангийнхан өдгөө бүгд л эрхэлсэн ажлаа гаргуун хийцгээж, амжилт бүтээл дүүрэн явна. Сумынхаа засаг захиргааг удирдах амаргүй албанд сүүлийн 20 гаруй жил зүтгэсэн, өдгөө Тариат сумын Иргэдийн хурлын дарга Г.Бямбадагва, Ц.Намсрайн нэрэмжит шагналт сэтгүүлч Я.Сумъяа, Төв, Хөвсгөл, Булган аймгийн цагдаагийн газрыг удирдаж явсан хурандаа Ж.Нарангэрэл, Ардын боловсролын тэргүүний ажилтан Наташ, Аюулаас хамгаалахын эмнэлэгт олон жил амжилттай ажилласан Я.Оюунбилэг гээд бахархах сайчууд олонтой аж.
“Хоргын цуурай”. Тэд сургуулийн концертоо ийн нэрлэнэ. Монгол хэлний Ванданбат, биеийн тамирын Лхүмбэ, дуу хөгжмийн Дашдорж гээд заадаг хичээлээрээ овоглуулсан авьяаслаг олон багштай. Тэд дуу хөгжмийн багш Дашдоржоороо дугуйланд гитар, мандолин, баян хуур заалгаж, басхүү концертонд хүртэл бэлдүүлнэ. Энэ дугуйланд Доржоо багштай 10-ын “А”-гийнхан идэвхтэй явна. Тэгээд ч гол цөмийг нь тэд бүрдүүлж байсан гэдэг. Нэргүй, Сүрэнжав, Аюушрагчаа гээд гуулин хөгжмийн “оркестрт”-той. Тэд сум дотроо Дээд төв, Мөрөн бригад, аймгийн төв, Завханы Их-Уул, Тосонцэнгэлд мөн ч олон удаа сургуулийнхаа ЗИЛ-130 машиныг хөлөглөн очиж байж. Нэг удаа Тосонцэнгэлээс гараад Дээд төв дээр шөнө дунд иртэл тосож авах хүнгүй айлууд цөм унтсан байсанд багш нар гуулин хөгжмөө тоглуулсан гэдэг. Тэгтэл айлуудын гэрэл нэг хоёроороо асан “Хөгжим дуугараад юу вэ” гэсээр хүмүүс хүрч ирж хоол, байртай залгаж байжээ. Бас тоглолтын үеэр нэгнийх нь шагшуур барьдаг үзүүлбэр дээр нэг шагшуур нь ишнээсээ мултарч унаад бөөн инээдэм болсон гэдэг. Харин шагшуураа алдсан Наташ нүүрээ дараад хөшигний араар орсныг их л хөгжилдөн ярьцгаана.
Тухайн үед Гэгээрлийн яамны дарга нар тэдний бэлтгэсэн “Хоргын цуурай” концертыг үзээд “Танайд яах аргагүй хоолойгоороо хоолоо олж идэх нэг хүүхэд байна” хэмээн өндрөөр үнэлсэн гэдэг. УИХ-ын гишүүн Б.Гончигдорж гоцлон дуулаачаар орж байсныг хэлсэн хэрэг.
Одоо ч 1960-1970 оны үеийн Хоргын арван жилийнхнийг “Алтан үеийнхэн” гэж тодотгодог нь учиртай. Чухам энэ л үед Суман голын мөсөн дээрээс Б.Цээсүрэн, Б.Энхтүвшин, Алтангэрэл гээд мөн ч олон сайн тэшүүрчин төрсөн. 1969 оны улсын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнээс охидын 1500 м-ийн зайд мөнгөн медаль хүртсэн Я.Сумъяа чухамдаа 1973 оны 10-ын “А”-гийн сурагч. Нийлбэр дүнгээр гуравдугаар байр эзэлж хүрэл медаль хүртсэн нь Архангайнхны хувьд анхны тохиолдол нь байсан аж. Мөн тухайн үед ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин 500, 1000 м-ийн ойрын зайд хэдэн жил дараалан аймагтаа аваргалсан удаатай.
“Нутгархаад сүйд болохгүй ч хүнийг их бага гэж ялгахгүй хүндэтгэл дүүрэн ханддаг тахимдуу зөөлөн зангаараа Хоргынхон ялгардаг. Наад зах нь академич Б.Чадраа гуай л гэхэд хаана ч явсан хүү минь, дүү минь гэх, хүний жаахан амжилтыг ч бол магтан өөрийнх юм шиг баярлах нь хэнд ч үлгэр дуурайлтай” хэмээн тэд дурсав.
М.УУГАН-ЭРДЭНЭ
Я.СУМЪЯА