Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Батаар ясанд атаархаад баршгүй

Энэ хувьтай яс 70 сая жилийн тэртээ ямар буян хийчихсэн болоод энэ цагт бурхан болоод байгаа юм гэж бодохоос атаа хөдлөөд байх юм. Өнгөрсөн жил Батаар АНУ-аас яаж ирснийг уншигчид мартаагүй биз ээ. Эгээтэй л хүндэт харуул жагсаж, төрийн сүлд дуулал эгшиглүүлэн байж угтаж авсангүй. Авчирснаасаа хойш хав дарж, хэдэн сар сурталчилсны эцэст нэг сарын хугацаатай Чингэсийн талбайд байрлуултал Монголын бүх музейн арван жилийн нийт орлоготой тэнцэхүйц мөнгийг хамсан сураг дуулдана билээ. Үндэсний түүхийн, Байгалийн түүхийн, Богд хааны гээд олон арван бусдад гологдохооргүй үзмэртэй музейг сонирхож, шагайдаг ч үгүй монголчууд энэ л ясыг харахаар халаасан дахь хэдээсээ сарвайсан нь энэ. Бас болоогүй аялалд гаргаж, хүн ам шигүү суурьшсан хотуудаар авч яваад ирнэ билээ.   

Хаа хол Америкаас хөөцөлдөн байж олж ирлээ хэмээн өөрсдийгөө сурталчлах Соёл спорт, аялал жуулчлалын яамныхнаас эхлээд толгойтой бүхэн Батаарыг байртай болгоно гэж гүйсээр Лениний музейг олон нийтийн байгууллагын мэдэлд байхад нь булааж авав. “Энэ үйлдлийг төрийн луйвар байсан гээд хэлчихэд хол зөрөхгүй үйлдэл” хэмээн тухайн үед онцлох хүн олон байсан. Тэнд олон иргэн скайтелийн нэгж зарж, нийтийн хоолны газар, кино прокат, гэрэл зургийн студи ажиллуулж амин зуулгаа залгуулдаг байсан. Тэр байрыг Батаарын гэр болгох шүүхийн шийдвэр гарч, албадан гүйцэтгэснээр олон арван иргэн бизнесгүй, амин зуулгагүй үлдэж гудамжинд гарсан нь саяхны үйл явдал хэрнээ түүх болжээ. 

Батаарын гэх өгөр ясанд үзүүлэх монголчуудын хүндэтгэл үүгээр дууссангүй. Эцэст нь марканд мөнхөлж, ил захидлын нүүрийг чимнэ билээ. Өнөөдрөөс цааш өөр ямар хүндэтгэл үзүүлэх юм бүү мэд, түүнд. Ингээд харахад Соёл спорт, аялал жуулчлалын яамыг зөвхөн Батаарт зориулж, тэр ясыг сурталчлахын тулд байгуулсан бололтой. Соёлын яам Батаар ясны төлөө л ажиллах чин зорилготой юм шиг байна. 

Энэ яс Монголд ямар гавьяа байгуулсан болоод бид ингэж байдгаа барьж гүйнэ вэ. Мэрэхэд мөлжүүргүй, чанахад шөлгүй энэ өгөр яс валютын ханшийг тогтвортой барьж байгаа юм болов уу. Инфляц гэдэг зүйл Батаарын нуруун дээр тогтож байгаа хэрэг үү. Энэ ясыг тахин шүтсэнээр ард түмний аяган дахь боорцог нэгээр ч болов нэмэгдэж байна уу. Будаа ширхэгээр бус шанагаар өсч, шүдлэн үхрийн гуянаас шарын өрөөлтэй дүйхүйц мах авдаг болчихсон юм уу. Эсвэл Батаар хэмээх нэр дуулдаж, яс нь олдсоноор Монголын ард түмэн жаргаад эхэлчихэв үү. Ийм сайхан өсөлт, өнгө, жаргал нэмчихээд байгааг нь бид мэдэлгүй, зөрж өнгөрөөд байна уу. 

Яачихсан яс болохоор яам хүртэл байгуулж өгөөд өдөр шөнөгүй сурталчилна вэ. Энэ яс хэрвээ амьтай хийгээд оюун ухаантайсан бол “Зүүдэндээ ч зүрхэлж үзэхээргүй хүндлэл хүлээлээ. Амьдрал гэж сонин юм даа” гэх байсан биз. Монголчууд нэг зүйлд анхаарч, түүнийхээ хойноос туйлшрахаараа хэзээд үнэнч бас хөдөлмөрч байж, эцсийг нь үзэж чаддагийг эндээс харж авлаа. Олон олон асуудалд ийм шаргуу байж хийж бүтээвэл сайнсан.  

Бид Батаарт анхаарч байгаа шигээ бусад асуудалдаа анхаарч ажиллавал яасан юм. Нефтийн салбарт санаа бодлоо чиглүүлж өөрийн үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ хангадаг болоход сэтгэл шулуудвал яадаг юм бол. Хөлөө хугалах шахам гүйж байгаа шигээ  тавдугаар цахилгаан станцыг барихын төлөө, шавыг нь тавьж, ажлыг эхлүүлэхээр хөөцөлдөцгөөвөл ямар вэ. Тэртээ 70 сая жилийн өмнө үрэгдсэн махчин араатны ясыг орон гэрээр хангах гэж гүйлдэхийн оронд тэнд байсан бизнес эрхлэгчид, хөдөлмөрчдийг дэмжиж ард иргэдээ орон сууцжуулах ажлыг эрчимжүүлбэл яасан юм. Яс бөөцийлж ямбалахын оронд ямар нэгэн ажил сэдэж ард түмнийхээ амьдралд анхаарах цаг нь болсон бус уу.

Хэрээ ч тоож тоншихооргүй болсон өгөр ясыг харж, барьж, шүтэж, хөөрцөглөж байх зуурт монголчуудын амьдрал улам л хүндрээд, хэцүүдээд байна. Энэ бүхнийг, өгөр яс сурталчилж байгаа яамыг, түүнийг нь хүлээн зөвшөөрч байгаа ард түмнийг харахаар атаа, зэвүү хоёр зэрэг төрөх юм. Зурагт руугаа аягатай цайгаа шидчихмээр санагдах үе олон тохиох боллоо.

Цаана нь ямар их чухал, ач холбогдолт ой, улс оронд хэрэгтэй ажлууд байна вэ. Тусгаар улс байхын тулд өгөр ястай хөөцөлдөх бус амин чухал гэсэн асуудлуудаа шүүрч аваад шийддэг, ажил хэрэг болгодог байлтай.  Нэг ёсондоо өгөр ясны хойноос хоёр жил хөөцөлдөх бус ажил хийж байж, зөв бодлогын дагуу зөв зам дээр гарч байж тусгаар гүрэн гэдгээ бататгах, ард иргэдийнхээ сэтгэлийг тэнэгэр байлгах бус уу. 

Л.МӨНХТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *