ЗГХЭГын дарга Ч.Сайханбилэг Япон Улсад айлчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн багт явсан билээ. Түүнээс айлчлалын хүрээнд дараахь тодруулгыг авав.
-Япон улсад хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалыг та юу гэж дүгнэж хэлэх вэ?
-Ерөнхийлөгчийн Япон улсад хийсэн айлчлал маш амжилттай болж өндөрлөлөө. Энэ айлчлалын үеэр бид маш том ажлын ард гарлаа. Юу гэхээр, хоёр улсын хооронд хийх эдийн засгийн түншлэлийн гэрээний зарчмын ойлголтод хүрлээ. Энэ баримт бичгийг англиас монгол хэл рүү хөрвүүлж, УИХ-аар оруулж хэлэлцүүлэн батлуулах асуудал үлдлээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд энэ баримт бичгийг гаргахын тулд хоёр талаас хүчин чармайлт гаргаж ажиллалаа. Манай бүх яам энд оролцсон. Хамгийн сүүлийн хэлэлцээнд гэхэд л манай талаас 80 гаруй хүн энэ ажилд оролцсон байна. Ийм олон хүний хүч хөдөлмөрөөр хэдэн зуун хуудас гэрээг боловсруулах ажил үндсэндээ дууслаа.
-Японтой ийм гэрээ хийхээр болсон 15 дахь орон нь манайх гэж байгаа…
-Япон бол дэлхийн 200-гаад улстай харилцаатай, худалдаа хийдэг. Үүнээс ердөө 15 улстай ийм хэлэлцээрийг байгуулсан байдаг. Гэтэл манай улс 15 дахь орон нь болж байна гэдэг бол Монголд ямар их ач холбогдол өгч байгаагийн илрэл юм. Бид маш олон гэрээ, хэлцэл хийдэг учраас хүмүүс Япон улстай хийж байгаа хэлэлцээрийн талаар нарийн мэдэхгүй байж магадгүй.
-Ямар ач холбогдолтой юм бэ?
-Япон, Монголын улс төр, дипломат харилцаа өндөр түвшинд хүрсэн ч бизнес, эдийн засаг, худалдааны харилцаа төдийлөн тийм сайн түвшинд хүрээгүй. Тэгвэл энэ салбарт хоёр орны харилцааг өндөр түвшинд аваачих хэлэлцээрийг хийхээр боллоо гэсэн үг. Монголчуудын сайн мэддэг сумогоор бол бид Журо зиндаанаас хамгийн дээд буюу Макүчи зиндаанд барилдахаар болж байгаатай адилтгаж ойлгож болно. Энэ хэлэлцээрийг хийсэн тохиолдолд манай бүх салбарыг хамарна. Хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүнүүд Японы зах зээлд гарна. Японы техник, технологи, ноухау цөм Монголд нэвтрэх боломж нь нээгдэнэ. Мөн Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь зөвхөн худалдааны хувьд үйлчлэх гэрээ биш Японы санхүүгийн хөрөнгө оруулалт манай зах зээлд нэвтрэх үүдийг нээж өгнө. Дүгнээд хэлэхэд Монгол Улсын ирээдүйн хөгжлийн баталгааны үндсийг энэ хэлэлцээр бий болгоно.
-УИХ-аар хэдийгээр хэлэлцэх бол?
-Энэ олон зуун хуудас баримт бичгийг эх хэл рүүгээ хөрвүүлнэ. Ирэх оны өдийд гэхэд хоёр тал аль аль нь бүх процессоо дуусгасан байя гэж ярилцлаа. Түүнчлэн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр бизнесийн том форум зохион байгууллаа. Оролцсон төлөөлөгчдийн тоо их байна. Монгол руу хөрөнгө оруулах уу, яах уу гээд тээнэгэлзэж байсан Японы бизнесийнхэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн тухай сонсоод “Монголд хөрөнгө оруулахад асуудалгүй болж. Тэнд ажиллах ёстой юм байна” гэдэг ойлголтыг авч тайвширч байх жишээтэй. Монгол, Японы хооронд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан гэдэг нь өөрөө дэлхий дахинд маш эерэг дохио өгнө. Монгол Улсын эдийн засаг өсөх юм байна гэдэг мессеж очно. Долоо хэмжиж, нэг огтолдог япончууд Монголд итгэж ийм хэлэлцээ байгуулжээ гэдэг сайн дохио дэлхийд цацагдана. Ер нь олон улсад “Японтой түншлэлийн хэлэлцээ байгуулж чадсан бол бусад улстай хэлэлцээр байгуулахад хялбар” гэж ярьцгаадаг. Тиймээс энэ хэлэлцээг байгуулах ажилд оролцсон манай Засгийн газрынхан ч бас нэг дээд сургууль төгссөнтэй дүйцэх мэдээлэл, туршлагатай боллоо. Япон, Монголын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээг тохиролцсоны үр дүн Токиод байхаас л мэдрэгдэж эхэлж байна.
-Жишээ нь?
-Монголын MCS групп Японы Мицүбиши Хитачи компанитай нүүрс шингэрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа. Японы хоёр банк Монголд төлөөлөгчийн газраа нээгээд ажиллаж байна. Сая айлчлалын үеэр Японд манай хоёр банк төлөөлөгчийн газраа нээж байна. Банк санхүүгийн систем харилцан бие биедээ үүд хаалгаа нээж байна гэдэг бол эдийн засгийн бүх харилцааны асуудал шийдэгдэж байна гэсэн үг. Үүгээрээ Япон, Монголын харилцаа шинэ шатанд шилжиж байна. Манай Ерөнхийлөгчийн Японы Ерөнхий сайдтай хийсэн уулзалт гэхэд их элэгсэг халуун дотно байдалд өрнөсөн. Мөн хамтдаа оройн зоог барьсан. Энэ өндөр түвшний ойлголцол, хувь хүмүүсийн харилцаа хоёр орны харилцаанд эергээр нөлөөлж байна. Айлчлалын үеэр хамтран ажиллах бүх зүйлүүдээ ярьж авлаа. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах ажилд зөвлүүлэхээр өөрийн талаас хүн томилно гэдгээ Японы Ерөнхий сайд хэлсэн байгаа. Тэгэхээр бидэнд маш өргөн боломжууд нээгдэж байна.
-Энэ хэлэлцээр байгуулагдсанаар манай бизнесийнхэнд ямар ач тустай юм бэ гэдгийг энгийнээр тайлбарлахгүй юу?
-Салбар болгон дээр ярихад урт болно. Хамгийн энгийн жишээ хэлье. Махны асуудал байна. Ариун цэвэр, эрүүл ахуйн асуудлууд махан дээр яригддаг. Тиймээс манай мах япончуудын стандартыг яаж хангах юм тэр бүгдийг мөрдүүлье гэдэг зүйлийг хэлэлцээрт тусгаж байгаа. Мэдээж Японы стандартыг хангасан тохиолдолд манай мах энд худалдаалагдах эрхтэй болно. Энэ ажлыг ойрын таван жилдээ багтааж хийхээр төлөвлөж байна. Нэг ёсондоо Японд монгол махны брэндийг бий болгох ажлыг хийе. Жишээ нь Австрали Япон улс руу махаа оруулахдаа 50 хувийн хөнгөлөлт авдаг. Манайх таван жилийн дараа ийм л процессоор мах болон өөр бусад бараа бүтээгдэхүүнээ энэ зах зээл рүү гаргахын төлөө ажиллах юм. Энэ боломж салбар болгон, манай бүтээгдэхүүн болгонд нээгдэнэ.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ