Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн байр наадамд Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын харцага Г.Намсрайжавын хүү Н.Батсуурь түрүүлж улсын арслан цол хүртсэн билээ. Баяр наадмын түрүү бөхийн тухай наадамчин олны яриаг нэг таагүй яриа чимж байсан юм. Тэр нь “Өнөөх цагдаа зоддог Г.Намсрайжавын хүү шив дээ” гэх яриа. Twitter, Facebook хуудсаар хүмүүс хоорондоо энэ тухай амны зугаа болгож байна. “Гурван үеийн бөх хэдэн үеийн зодоонч бол”, “Төрийн албан хаагчийг ажлаа хийж байхад нүүр нүдгүй өшиглөчихөөд бөхийн удам ярихад муухай байна” гэх зэрэг таагүй яриа хүмүүсийн дунд өрнөж байгаа. “Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг энэ. Хүн үйлдлээ хянаж, нэрээ хичээж яваагүйгээс хэдэн үеэрээ мартагдахгүй муу нэрийг сонсч байгаа юм” гэж ярих ч хүн байсан бол “Үр минь үлдэх хорвоо гээд зөв амьдрахыг хичээдгийн учир энэ. Буруу үйл хийсэн л бол үр дагавар нь ирдэг. Хуулийн байгууллага хариуцлага тооцсон ч ард түмний ой санамж гэдэг сүрхий шүү” гэж сургах нэгэн ч байна.
Улсын харцага Г.Намсрайжавынхныг бөхийн удамтай сайхан гэр бүл гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүний аав Ж.Гэлэг Ардын хувьсгалын 29 жилийн ойгоор дархан аварга Ш.Батсуурийг давж “Өсөх идэр” чимэгтэй улсын начин цол хүртэж байсан түүхтэй. Улсын цолтнуудын дунд “Увсын суйлдаг нарийн хөх” нэртэй байсан Ж.Гэлэг начин аймагтаа тав, Ховд, Баян-Өлгий аймгуудад тус бүр нэг түрүүлсэн алдартай бөх. Г.Намсрайжав өөрөө 30 насандаа зургаа давж “Өсөх идэр” чимэгтэй улсын начин цол хүртэж байсан бол 2004 онд улсын харцага болсон нэгэн. Түүний хүү Н.Батсуурь өнгөрсөн жил харцага, энэ жил арслан цол хүртлээ. 2011 оны цагаан сарын барилдааны үеэр Даян аварга А.Сүхбат (Дархан аварга) түүнд “Ирээдүйн аварга” шагнал гардуулж байсан түүхтэй. Бөхчүүд, бөх сонирхогчид түүнийг аварга болно гэдэгт итгэлтэй байдаг.
Үе дамжсан бөх, олны хүндэтгэл хүлээсэн гэр бүлийг Г.Намсрайжав харцагын цагдаа зодсон гэх хэрэг хараар будчихаад байгаа юм. 2012 оны гуравдугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг, нарны зам дээр улсын харцага Г.Намсрайжав цагдаагийн алба хаагчийг зодож байгаа бичлэг олон нийтэд тарсан. Тухайн үед Г.Намсрайжав харцага хүүгийнхээ машинд суугаад явж байсан. Машин жолоодож байсан хүү нь чигээрээ явах урсгалд буцаж эргэхийг завдсан учир замын цагдаа зогсоож, шаардлага тавьсан байдаг. Үүнээс үүдэж Г.Намсрайжав харцага цагдаагийн алба хаагчийг зодож, биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан. Энэ хэргийг хоёр жилийн өмнө Баянзүрх дүүргийн шүүх хэлэлцэх үеэр Г.Намсрайжав харцага согтуу явж байсан, төрийн албан хаагчийн биед халдсанаа хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа ярьсан. Харин Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн алба хаагч, цагдаагийн ахлагч З.Батнаран “Харцагын сууж явсан машин зөвхөн чигээрээ явах урсгалд байсан хэрнээ зүүн эргэх гээд байсан. Тиймээс шүгэлдэж чигээрээ яв гэсэн шаардлага тавьсан ч жолооч нь тоогоогүй. Бичиг баримтаа шалгуул гэсэн шаардлага тавихад “Байхгүй” гээд үзүүлээгүй. Ингэж байтал ард нь явж байсан машины жолооч зай ашиглаад зүүн эргээд явчихсан. Гэтэл харцагын хүү “Өмнөх машиныг зогсоож шалгасангүй. Таньдаг хүнээ явуулчихлаа” гэж над руу дайрч эхэлсэн. Төд удалгүй Г.Намсрайжав харцага машинаас бууж ирээд үгийн солиогүй зодож эхэлсэн. Миний зүүн нүдний ухархай гэмтсэн. Гэмтлээсээ болж нүднээс нулимс гоождог болсон” гэж шүүхэд мэдүүлж байжээ. Тухайн үед Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Х.Энжаргал алба хаагчийнхаа талаар “Цагдаагийн алба хаагчийн нүдний ухархай нь 0,7 мм цөмөрсөн. Замын цагдааг хэл амаар доромжлох асуудал өдөр бүр тохиолддог. Гэхдээ энэ удаагийнх шиг замын цагдаагийн биед халдаж, зодох тохиолдол тэр бүр гараад байдаггүй” гэж ярьж байлаа.
Шүүх Г.Намсрайжав харцагыг төрийн албан хаагчийг үүргээ гүйцэтгэж байхад хүндэвтэр гэмтэл учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар гурван сар баривчлах ял оноосон.
Энэ хэргээс хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрч байна. Бид Г.Намсрайжав харцагад зодуулсан цагдаагийн алба хаагчийг сураглахад тэр хэргийн дараахан ажлаасаа гарчихсан гэдэг мэдээг сонсов. Түүнтэй утсаар холбогдоход “Ажлаасаа гараад удаж байна. Бие гайгүй. Зүгээр” гэсэн хариуг өглөө. Мөн тэр үед болсон явдлыг яримааргүй байгаагаа учирласан юм. Ямартай ч хүү Н.Батсуурь нь түрүүлсэн жил хүн зодсон Г.Намсрайжав харцага мандаж байхад зодуулсан хохирогч цагдаагаар овоглохоо больжээ.
Ө.Эрдэнэцэцэг