Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Халхын голын дайны ой ба дэмий хөөрцөглөл

Японы милитаристуудыг ялснаас хойш 75 жил өнгөрчээ. Манайхны ярьдгаар бол Халхын голын дайн. Япончууд болохоор Номонханы тулгаралт гэдэг. Номонханы хэрэг явдал гэх нь ч бий. Номонхан гэдэг нь Монгол Манжийн хил орчим дахь уул. Япончууд Манжийн нутгийг 1939 онд  эзэлж Манж-Го нэртэй улс байгуулснаар Монголтой хил нийлэх болсон түүхтэй. Манж-Го, Монголын хоорондох хилийг япончууд Буйр нуурт цутгах Халхын гол гэж үзэж байв. Харин монголчууд Халх голоос зүүн чигт 16 километрийн цаана орших Номонхан тосгон хүртэлхийг газар нутгаа гэж үзэж байсан юм. Номонханы тулгаралт, Халхын  голын дайн гээд байгаа нь ийм учиртай. Судлаачид Халхын голд өрнөсөн үйл явдлыг дайн, байлдаан, хэрэг явдал, тулгаралт  алин болох дээр өнөөдрийг хүртэл маргадаг. Эцэслэсэн нэр томъёог дуу нэгтэйгээр гаргаагүй гэсэн үг. Манайхан энэ түүхэн үйл явдлыг тэмдэглэх санааг анх гаргаж өргөн хэмжээнд зохион байгуулахаар дээр дооргүй дэвж байна. Хөл хөөр болж байна гэж жигтэйхэн.Ингэж хөөрцөглөхийн цаад зорилгыг  ухаж ядах юмгүй. Путинд зуйрагнасан, Орос, Хятад хоёрт гавьяагаа харуулах гэсэн л санаа. Оросуудтай нийлж ийм гавьяа байгуулсан шүү гэдэг үзлийн үүднээс хийж байгаа ажил гээд дүгнэчихэд үнэнээс зөрөхгүй. 

Халх голын дайны 75 жилийн ойн арга хэмжээнд хойд хөршийн тэргүүн ёслол хүндэтгэлтэйгээр оролцоно гэж шуугиж байна. Эрхэм Путин ирэх учраас энэ арга хэмжээ дэлхийн сонорт хүрч таарна. Дэлхийн мэдээллийн агентлагууд дуу авалцан мэдээлэх нь тодорхой гэсэн үг. “Халхын голд хүн төрөлхтний дайсан муусайн япончуудыг монгол, орос цэргүүд мөр зэрэгцэн тулалдаж бут ниргэж билээ” гэж сүр дуулиантайгаар дэлхийд зарлах хэрэг байна уу. Ингэх нь бидэнд ашиг авчрах уу.  

Бид сүүлийн үед Японтой улс төр, эдийн засгийн ойр харилцаатай аж төрж  байгаа. Дэлгүүрийн лангуу давснаас өөр юу ч үгүй болтол хоосорсон ерээд оны шилжилтийн бэрх цагт гараа сунгасан цөөхөн улсын нэг нь Япон. Нэг удаа сунгаад орхиогүй, саяхныг хүртэл буцалтгүй тусламжаа үргэлжлүүлсэн орон. Одоо ч гэсэн дэлхийд жишиг болсон их сургуулийн эмнэлгийг буцалтгүй тусламжаар бариад өгье гэж байна. Эдийн засаг хүндэрсэн сүүлийн жилүүдэд ч тусалсаар байгаа цөөхөн орны нэг. Ерөнхий сайдын өнгөрсөн намар Японд хийсэн айлчлалыг эдийн засаг талаасаа түүхэн ач холбогдолтой боллоо гэж хэвлэлүүд дуу нийлүүлж байсан. Хамгийн наад зах нь гэхэд л наран улсынхны гар сунгасан “Самурай бонд” эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж арлын улсад айлчлаад ирж байна. Төрийн тэргүүний айлчлалын тодотгол нь мөн л эдийн засаг гэдэг хоёр үг. Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд толгой цохидог Япон улс бидэнтэй хамтаръя, тусалж дэмжье гэдгээ дахиад нотолчихлоо. Хямралд өртөөд буй Монголд хэрэгтэй өчнөөн гэрээ айлчлалын үеэр зурагдлаа. Монгол, Япон хоёр хамтарсан брэнд бүтээж дэлхийн зах зээлд гаргах яриа ч гарлаа. Өчигдрийн “дайсан” Япон өнөөдөр бидний гол түнш болчихсон гэсэн үг. 

Түүхэндээ байлдаж дайтаж яваагүй улс гэж хаана байхав. Бүгд л ялж, ялагдаж явсан түүхтэй. Дэлхийн улс гүрнүүдийн  өөр зуураа муудаж сайдаж явсан түүхийг тоочъё гэвэл барагдахгүй. Гэлээ гээд ухаантай улс дайсан чигээрээ үлддэггүй. ”Чи миний дайсан байсан биз дээ” гэж бие бие рүүгээ муухай хардаггүй. Хэн хэндээ ашигтай бол гар барьж инээмсэглээд цааш алхдаг. 

Бид цагтаа наран улсын армитай тулалдаж явсан нь үнэн. Гэхдээ өнөөдөр өчигдрөөс ондоо. Цаг хугацаа юуг ч элээж өөрчилдөг.  Дахиад хэлэхэд Япон  өнөөдөр манай гол түнш болчихсон. Харилцаагаа иж бүрэн түншлэлд хүргэсэн цөөхөн орны нэг гэж дипломатууд онцолдог тийм л улс болоод удаж байна. Инээмсэглэн гар бариад цаашаа хөтлөлцөн алхах ёстой орныхоо дурсах дургүй эмзэг  сэдвийг хөөргөж, дэлхий даяар юм болгох ямар хэрэг байна. Ингэж хөөрлөө гээд бидэнд ирэх ашиг лав байхгүй. 

Ер нь дэлхийн улс орнууд түүхийн иймэрхүү эмзэг сэдвүүдээ дэвэргээд байхыг хүсдэггүй. Найр наадам хийж сүйд болдог нэг ч улс байхгүй. Мэдээж ор тас үгүйсгэхгүй л дээ. Зүгээр л чимээгүйхэн тойроод гарчихдаг. Гэтэл өнөөдөр манайд тэс өөр үйл явдал өрнөж байдаг. Зүй нь эрх ашиг энэ тэрээ бодвол дуугүйхэн өнгөрчихмөөр. 

Дээхнэ үед Японы хэлмэрч залуугаас “Номонханы тулгаралтыг танай улс хүүхдүүддээ юу гэж заадаг вэ” гэж асуусан юм. Хэлмэрч залуу хэсэг чимээгүй сууснаа “Манай Засгийн газар ийм эмзэг сэдвүүдийг хойч үедээ сүр болгож заахгүйг хичээдэг. Түүхийн хичээлийн сэдэвт Номонханы тулгаралт багтдаг л даа. Гэхдээ хичээл амрах үеэр яг тэр сэдвийг үзэж таардаг юм. Багш нар сурагчдадаа амралтынхаа үеэр Номон ханы тулгаралтын талаар уншаарай гэсэн даалгавар өгдөг. Зуныхаа амралтаар ном уншаад судлаад суудаг хүүхэд гэж хаана байхав. Үнэхээр сонирхсон нь уншаад, сонирхоогүй нь уншихгүй орхих боломжтой гээд ойлгочихож болно” гэсэн хариу хэлж байсан. Яг ийм туршлага, хандлага олон оронд бий. 

Хятад, Орос, Япон гэсэн гурван том шахаасны дунд учраа мэдэхгүй хүүхэд шиг хөөрцөглөж гүйхгүй суух шалтгаан бидэнд бий. Халх голд өрнөсөн түүхэн үйл явдлын тухайд Орос, Хятад хоёрт хандах бидний ашиг сонирхол юу болохыг өмнө хэлсэн. Хаа, хаанаа харилцан ашигтай ажиллах хоёр тал биенээ түнш гэдэг.  Японы хувьд манай хэрэгтэй түнш. Хятад, Орос ч ялгаагүй. Бидний хувьд стратегийн ач холбогдолтой түнш орнууд. Товчхондоо гурвуулаа бидэнд хэрэгтэй түншүүд. Аль алиныг нь гомдоож, сэтгэлд нь сэв суулгахгүйгээр харилцах л хамгийн ухаалаг гадаад харилцаа. 

Үе үеийн засгийн Батлан хамгаалахын сайд энэ явдлыг эргэн дурсаж байж Оросоос хуучин буу, техник авдаг гэж дуулддаг. Яахав өнгөрсөн өнөөгийн элдэв эсийн явдлаа  бодоод Халхын голын үйл явдлыг тэмдэглэж болно л доо. Бүр огт дурсаад хэрэггүй гэж хэлэх гэсэнгүй. Тун даруухнаар, ор нэр төдий тэмдэглээд өнгөрөөх гарц бий. Хамгийн гол нь өнөөдрийн Япон бидний хувьд  ямар ч хамаагүй улс байхаа больсон гэдгийг л мартахгүй амьдрах  нь Монголын хувьд амин сэдэв. Тэгэхээр гурван гол түншийнхээ аль алиныг гомдоохгүйгээр эвтэй найртай ухаалаг харилцах нь л хамгийн ашигтай, ухаалаг алхам болох гээд  байна даа. 

Ц.БААСАНСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *