Дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн 27 мэргэжилтэн, хорооны 70 нийгмийн ажилтан, 152 хорооны хэсгийн ахлагч нийт 249 хүн “Гэр бүл ба хөршийн холбоо”, ”Амьдралд бэлэн”, “Хүүхдийг хүмүүжлийн эерэг аргаар хүмүүжүүлэх нь” сэдэвт гурван цуврал цогц сургалтанд энэ сарын 16-24-ний өдрүүдэд хамрагдаж байгаа аж. Уг сургалтыг Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, НҮБ-ийн Хүүхдийн сан, Гэр бүлийн боловсролын “Сэтгэлийн учиг” ТББ-тай хамтран зохион байгуулжээ.
Сургалтуудад хамрагдсан хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн мэргэжилтэн, хорооны нийгмийн ажилтан, хорооны хэсгийн ахлагч нар нь иргэдэд хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн боловсролын үйлчилгээг хороогоор дамжуулан үзүүлэх, эцэг эхчүүдэд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх, тэдэнтэй зөв харилцах дадал чадварыг нэмэгдүүлэх, өсвөр үе, залуучуудад хөгжил төлөвшлийнх нь явцад тулгардаг бэрхшээлтэй талуудыг харгалзан тэдэнд туслах, хүүхэд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чадвартай сургагч багш нар болох ач холбогдолтой юм.
Сургагч багш нар нь нийт иргэд болон нийслэлийн хэмжээнд бүртгэгдээд байгаа хараа хяналт сул, хараа хяналтгүй 898 хүүхэд, тэдний гэр бүлд хүрч үйлчилнэ. Ингэснээр алваа эрсдэлээс хүүхэд гэр бүлийг урьдчилан сэргийлж, гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг буурна гэж үзэж байгаа аж.