Нийслэлд хувийн хэвшлийн 986 эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Нийслэлийн эрүүл мэндийн газарт бүртгэлтэй эдгээр эмнэлгээс 2014 оны эхний зургаан сарын байдлаар 223 эмнэлэг буюу 22.9 хувь нь статистикийн сарын мэдээ, тайлангаа огт өгөөгүй байна. Эдгээрээс 110 эмнэлэг нь 2013 онд мөн тайлангаа ирүүлээгүй аж.
Эрүүл мэндийн байгууллагууд нь Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 9-р зүйлийн 6-р заалтын дагуу “Статистикийн мэдээлэл, судалгааг батлагдсан буюу зөвшөөрөгдсөн үзүүлэлт, аргачлалын дагуу тогтоосон хугацаанд vнэн зөв гаргаж өгөх”, Эрүүл мэндийн тухай хуулийн 20-р зүйлийн 2.6-р заалтын дагуу “Үйл ажиллагааныхаа тайлан, мэдээг хугацаанд нь гаргаж өгөх, бусад байгууллага, иргэнийг эрүүл мэндийн асуудлаар өөрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллээр хангах” үүргийг тус тус хүлээдэг байна.
Иймд холбогдох хуулиудын хэрэгжилтийг хангаагүй, 2013 он, 2014 оны эхний хагас жилийн мэдээ, тайланг тус тус ирүүлээгүй нэр бүхий 110 эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Эрүүл мэндийн байгууллагуудад тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комисст хүргүүлжээ.
2014 оны эхний хагас жилийн тайлан мэдээг ирүүлээгүй нэр бүхий 123 эмнэлгийн удирдлагуудад үйл ажиллагааныхаа мэдээ, тайланг тогтоосон хугацаанд үнэн бодитой гарган ирүүлж байхыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас анхаарууллаа.