Олон улсын үнэлгээний Moody’s агентлагийн Хөрөнгө оруулалтын албанаас пүрэв гарагт манай улсын зээлжих зэрэглэлийг бууруулж В2 болголоо. Ингэснээр хөрөнгө оруулахад эрсдэл багатай гэх ангилалд хэвээр үлдсэн ч хөрөнгө оруулалт татах зэрэглэлээс даруй таван түвшнээр доогуур боллоо гэсэн үг.
Монгол улсын үнэлгээг бууруулсан явдлыг гадаад валютын нөөц буурсан, актив хөрөнгийн хөрвөх чадвар суларсантай холбон тайлбарласан байна. Монголбанкин дахь гадаад валютын улсын албан нөөц он гарсаар эхний таван сарын байдлаар 28.6 хувиар буурсан юм. Нийт албан нөөц 1604.5 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 52.6 хувиар буурсан үзүүлэлт аж. Moody”s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан энэ үед “ING” банкны Азийн бүсийн судалгааны тэргүүн “10 жилийн хугацаатай бондын ханшийн талаар эерэг мэдэгдэл хийсэн байна. Тэрээр гадаад валютын нөөц буурч, 10 жилийн хугацаатай бондын үнэ 84.5 ам.долларын түвшинд хүрсэн нь худалдан авахад таатай ханш” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Он гарсаар 2 дах удаагаа манай зээлжих зэрэглэл буурч байгаа юм. Мөн HSBC Holdings Plc компаниас гаргасан Азийн бүс нутгийн хамгийн их өртэй 12 улсын 5 дугаарт Монгол орсон байна.