Categories
мэдээ цаг-үе

Арьс ширний үйлдвэрлэгч нарт олгох 140 тэрбумын хөнгөлөлттэй зээл энэ салбарыг хөл дээр нь босгоно

– Ирэх есдүгээр сард жилдээ 150 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадал бүхий гутлын үйлдвэр ашиглалтад орно –

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхантай ярилцлаа. 

-Эдийн засаг сайнгүй байгаа өнөө үед Засгийн газраас 140 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдэд олгохоор болсныг нүдээ олсон хөрөнгө оруулалт боллоо хэмээн эрх баригчид ам сайтай байна л даа. 

-“Чингэс” бондоос 30 тэрбум төгрөгийг арьс шир боловсруулах тоног төхөөрөмж, технологио сайжруулахад зориулж аж ахуйн нэгжид зээлүүлэхээр болсон. Бусад эх үүсвэрээс гаргах 110.4 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгөөр арьс шир боловсруулах үйлдвэрүүд эргэлтийн мөнгөө босгоно. Өнөөдөр жилдээ Монголоос 150-160 тэрбум төгрөгийн түүхий эд бэлтгэгддэгээс 30 гаруй тэрбум төгрөгтэй тэнцэх түүхий эдийг үндэсний үйлдвэрлэгчид худалдаж авдаг. Харин үлдсэн 120 гаруй тэрбум төгрөгийн түүхий эдийг хагас боловсруулаад экспортолдог. Өөрөөр хэлбэл таван кг түүхий эд тутмын нэгийг нь л боловсруулдаг үндэсний үйлдвэрлэгчдийн хүчин чадлыг нэмэгдүүлж, дотооддоо бүгдийг нь боловсруулахын тулд дээрх хөрөнгө оруулалт хийгдэж байна. Өнөөдөр хятад ченжүүд манайхаас арьс ширээ худалдаж аваад, дотоодын үйлдвэрүүдэд маш бага өртгөөр хагас боловсруулалт хийлгэдэг. Бүр өөрсдөө химийн бодис, технологичоо авчирч байгаад шүү. Арьс ширээ дэвтээж гандаад, идээлэхийг л хагас боловсруулна гээд байгаа юм шүү дээ. Харин ингэж хагас боловсруулсан арьсаа хатааж, элдэж зөөлрүүлэн, суурь будаг хийж, сунгаад эмульс зэрэг тусгай зориулалтын бодис түрхээд лакдаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эд болгож хувиргахыг гүн боловсруулалт хийх гээд байгаа юм.

Дотоодын үйлдвэрүүдэд жилдээ 22 сая ширхэг арьс хагас боловсруулах хүчин чадал суурилагдчихсан байдаг. Харин түүхий эдийн нийлүүлэлт 8-10 сая. Тэгэхээр бидэнд өнөөдөр түүхий эдийн нийлүүлэлтээсээ хоёроос гурав дахин их хагас боловсруулалт хийх хүчин чадал байна гэсэн үг. Үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшрууллаа гэхэд хагас боловсруулалтын шатанд ямар ч асуудалгүй. Гагцхүү гүн боловсруулалтын түвшингээ сайжруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд тоног төхөөрөмж гаднаас авч байна. 

-Арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд дээрх зээлийг арилжааны ямар банкаар олгох нь саяхныг хүртэл тодорхойгүй байсан. Энэ асуудал шийдэгдсэн үү?

-Өнгөрөгч хоёрдугаар сард Засгийн газрын тогтоол ёсоор Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо арьс ширний салбарыг сэргээн хөгжүүлэх төслийн хүрээнд олгогдох хөнгөлөлттэй зээл авах аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулсан. Аж ахуйн нэгжүүдээс 90 гаруй төсөл ирснээс 86-г нь ҮХААЯ-ны төсөл шалгаруулах комисст хүлээлгэж өгсөн. Харин санхүүжилтийг нь олгох арилжааны банкаа сонгох гэж багагүй хугацаа алдсан. Төрийн банканд санал тавьсан ч судалж үзээд болохгүй юм байна гэх хариу өгсөн. Голомт банкаар олгуулах гэсэн боловч УИХ-ын байнгын хороо зөвшөөрөөгүй. Ийнхүү Эдийн засаг хөгжлийн яам, ҮХААЯ, УИХ-ын байнгын хороотой хэлэлцэн аж ахуйн нэгж бүрийн харилцдаг банкаар дамжуулан зээл олгохоор тогтсон. Ийнхүү шалгарсан төслүүдийг арилжааны банкууд дээр хянаж үзээд зээл олгохоор болбол ҮХААЯ дээр бодлогын гэрээ хийнэ. Гэрээ ёсоор Хөгжлийн банк тухайн арилжааны банк руу санхүүжилтийг нь шилжүүлэх юм. Ингэж хөрөнгө оруулалтыг чирэгдэлгүй шуурхай шийдэхээр болсон. 

-Төслийн хүрээнд дотоодын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэр төрөл, тоо хэмжээ нь нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?

-Хамгийн эхлээд дотоодынхоо гутлын хэрэглээг хангах нь салбарынхны нэн тэргүүний зорилт болоод байна. Жилдээ зургаан сая гутал Хятадаас импортолдог гэх тооцоо бий. Шууд л Итали, Испани, Туркийн өндөр үнэтэй гутлыг үйлдвэрлээд эхлэхгүй нь тодорхой. Эхний ээлжинд малчид, хүүхдийн болон залуучуудын гутлыг хийхээр төлөвлөж байна. Үнэ ханшийн хувьд ч дундаж давхрагынхан худалдаад авчихаар боломжийн байх нь мэдээж. Өнөөдөр бол цэрэг цагдаагийнхны гутлыг дотооддоо бүрэн хийж байгаа. Орос руу савхин хувцас гаргах боломжтой. Хамгийн гол нь ҮХААЯ-тай байгуулсан бодлогын гэрээний хүрээнд бид 2018 он гэхэд нийт түүхий эдийнхээ 80 хувьд гүн боловсруулалт хийдэг болох зорилт тавиад ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд арьс ширний үйлдвэрүүд шууд эсгээд оёход бэлэн түүхий эдээр хангана гэсэн үг. 

Төслийн хөрөнгө оруулалт шийдэгдэх хүртэлх сүүлийн хоёр жилийн хугацаанд бид мөнгөгүй гээд гараа хумхиад суусангүй. Голландын химийн бодис үйлдвэрлэгчидтэй удаа дараа уулзалдаж зөвлөлдсөнөөс гадна Арьс ширний эрдэм шинжилгээ туршилтын төвийнхөнтэй хамтарч салбарынхныхаа дунд давтан сургалт зохион байгуулсан. Дэлхийд арьс ширний үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч Хятад, Турк, Италид зохиогддог үзэсгэлэнгүүдийг алгасалгүй үзэж сонирхож, Монголдоо нэвтрүүлж болохуйц шинэлэг технологи, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай химийн бодис зэргийг судалсаар ирлээ. Ирэх есдүгээр сард жилдээ 150 мянган хос гутал хийх хүчин чадалтай гутлын үйлдвэр ашиглалтанд оруулах гэж байна. Энэ бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зээлээ хүлээж гар хумхиж суугаагүйн нэг томоохон жишээ. 

-Байгалийн гаралтай буюу арьс, ширэн эдлэлийн эрэлт нэмэгдэх хандлагатай болсон өнөө үед бидэнд дэлхийн зах зээлд дээрх томоохон тоглогч болох боломж бий юу?

-Энэ боломж бидэнд бүрэн бий. Өнөөдөр дэлхий даяар байгалийн цэвэр түүхий эдээр хийсэн бараа материалыг хэрэглэхийг эрхэмлэдэг болж. Жишээ нь Япончууд номын арьсан хавтас манайхаас импортолдог бол ОХУ руу экспортлох савхин бээлий жилээс жилд нэмэгдэж байна. Түүнчлэн гаалийн мэдүүлэг дээр албан ёсоор тэмдэглэгддэггүй л болохоос Эрхүү, Чита, Тува зэрэг хил дагуух захын хотуудыг өвлийн гутлаар хангадаг. Өндөр татвартай учраас ганзагын наймаачид нууцаар хил давуулдаг. Энэ мэтчилэн цэвэр ширээр хийсэн, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр дэлхийд танигдах боломж бидэнд бүрэн бий.  

-Одоогоос найман жилийн өмнө арьс ширний 30-аад аж ахуй нэгжид шалгалт хийхэд хангалтгүй гэх үнэлгээ авсан байна. Энэ байдал өнөөдөр дээрдсэн болов уу?

 -Мэргэжлийн хяналт, Байгаль орчны яам, Хөдөө аж ахуйн яам, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагууд хамтраад тухайн үед олон талт шалгалт хийсэн байдаг. Энэ нь шалгалт гэхээсээ илүү маш сайн зөвлөгөө өгсөн байдаг учраас маш үр дүнтэй болсон. Өнөөдөр энэ байдал харьцангуй дээрдсэн гэдгийг ам бардам хэлнэ. 

-Засгийн газраас үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир бэлтгэн нийлүүлсэн малчдад мөнгөн урамшуулал олгохоор болсон талаар дэлгэрэнгүй яриач?

-Монголын арьс ширний салбарыг сэргээн хөгжүүлэх төслийг манай холбооны зүгээс боловсруулсан. Бог малын нэг ширхэг арьсанд 3000, харин бодод 15 мянган төгрөгийн урамшуулал олгоно. Энэ бол хятад ченжүүд Монголоос түүхий арьс худалдаж аваад хагас боловсруулж хил давуулж зарахад олдог ашиг. Тэгэхээр үндэсний арьс ширний үйлдвэрлэгчид түүхий эд бэлтгэхдээ хятад ченжүүдтэй өрсөлдөхийн тулд тэр ашгийг нь малчдад өгье л гэж байгаа хэрэг. Ямааны арьс 20 мянган төгрөгийн ханштай бол хятад ченж, дотоодын үйлдвэрлэгчдийн аль аль нь тэр ханшаар нь л худалдаж авна. Харин үндэснийхээ үйлдвэрт ямааны арьсаа тушаавал 3000 төгрөг нэмээд 23 мянгаар худалдаж авна. 

Энэхүү урамшууллаар дамжуулж далд эдийн засгийг ил болгоно. Хятад ченжүүд жил бүр 110 гаруй тэрбум төгрөгийн түүхий эд худалдаж авдаг хэрнээ ямар ч татвар төлөлгүй хил гаргадаг. Монголын талаас түүхий эдээ худалдан авахад зуучлагч ченжүүд ч татвар төлдөггүй. Энэ бол далд эдийн засгийн хамгийн том жишээ. Малчин Доржийн тушаасан ямааны арьсных нь урамшууллыг олгохын тулд тухайн сум багт ажиллаж буй манай холбооны итгэмжит төлөөлөгч албан ёсны тооцооны хуудсандаа зайлшгүй тусгах ёстой. Энэхүү хуудсаа Монголын арьс ширний үйлдвэрлэгчдийн холбоонд авчирч тушаана. Манай холбоо тэрхүү тооцооны хуудсыг нь мал хамгаалах сан руу илгээнэ. Ингэж тооцооны хуудас бичигдэнэ гэдэг санхүүгийн анхан шатны бүртгэлд орсноор бүх тооцоо ил болно. Бүр арьс ширний үйлдвэрлэгчид нэг ширхэг арьс боловсруулахад орсон ус, химийн бодис, ажилчдын цалин зэрэг нь хүртэл тодорхой болно. Ингэснээр улсад 200 гаруй тэрбум төгрөгийн татвар төвлөрнө. Өмнө нь энэ хэмжээний татварыг авч чаддагүй байсан гэсэн үг. Энгийнээр бол урамшууллаар дамжуулж далд эдийн засгийг ил гаргаж, санхүүгийн орчноо эрүүлжүүлж байна гэсэн үг. Малчид маань давхар малаа хугацаанд нь тарилга, угаалгад хамруулдаг болох юм. Учир нь мал хамгаалах сангаар дамжиж урамшуулал олгогдох учраас тарилгад хамруулаагүй, угаалгад хугацаанд нь хамруулаагүй бол эхний удаад сануулна. Энэ байдал давтагдвал мэдээж урамшууллыг нь олгохгүй. Өмнө нь малчдын арьсыг сумын ченж, аймаг руу аваачиж бас нэгэн ченжид өгнө. Аймгийн ченж Эмээлт рүү зөөдөг нэгэндээ зарахад нөгөөх нь хотод ирээд агуулах руу ченжүүдэд өгөөд тэндээсээ хятадуудад өгдөг жишээтэй. Ингэж зургаагаас долоон ченжийн гар дамжиж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн гар дээр ирдэг бол одоо малчид арьс ширээ түүхий эд бэлтгэлийн төлөөлөгчөөр дамжуулан үндэсний үйлдвэрлэгчдэд шууд нийлүүлэх боломж бүрдэж байна. Дондог гуайн бярууны арьсыг 15 мянгаар худалдаж аваад үйлдвэрт 25 мянгаар өгөх гэсэн чинь эсгэчихсэн, урагдчихсан эсвэл муудчихсан байвал хямд үнээр үйлдвэрт өгнө. Харин дараа нь Дондог гуайд “Таны алаг бярууны арьс муудсан, урагдсан байсан учраас зах зээлийн ханшаар үйлдвэрт өгч чадаагүй. Дараагийн удаа тэгвэл 10 биш найман мянган төгрөгөөр худалдаж авна шүү” гэж хэлнэ. Ингэж зах зээлийн жам ёсоор чанараасаа хамаардаг үнийн тогтолцоо руу шилжиж байна. 

-Арьсыг хагас боловсруулаад зарах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хоёрын ханшийн зөрүү мэдээж хэд дахин гэдгээр яригдах байх тийм үү?

-Таван мянган төгрөгийн ямааны арьсыг 25 мянган төгрөг болгож болно. 50 мянган төгрөгийн арьсыг 250 мянган төгрөг болтол нь өсгөж болно. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд өөрөө эцсийн бүтээгдэхүүн байдаг бөгөөд түүхий эд болдог. Энд нэг сонирхолтой дүр зураг харагддаг л даа. Малчин хамгийн муу малаасаа зардаг мөртлөө мал аж ахуйн гаралтай эцсийн бүтээгдэхүүнээ хамгийн сайнаасаа шилүүлж борлуулдаг. Малчин хамгийн муу арван хонио гаргаад, арьс ширийг нь зардаг бол түүгээр хийсэн 100 түрийвчнээс худалдан авагч өөрөө шилж байгаад авдаг. Энэ өнцгөөс нь харвал шинэлэг техник технологи суурилуулчихвал үйлдвэрлэгчдэдээ ч малч­дадаа ч ашигтай. 

-Гүн боловсруулалт хийдэг болсноор ажлын байр хэр нэмэгдэх бол?

-Манай салбарт дөрвөн мянга орчим ажлын байр бий. Үүнд бэлтгэн нийлүүлэгчид орж байгаа хэрэг шүү дээ. Үйлдвэрүүд гүн боловсруулалт хийдэг болсноор ажлын байр 20-иод мянгаар нэмэгдэнэ. 

-Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргахыг холбооны тэргүүн хэрхэн хүлээж авч байна?  

-Олон улсын жишиг тийм л байдаг. Арьс шир боловсруулах үйлдвэр нь хотынхоо захад л байдаг. Улсаас дэд бүтэц, цэвэрлэх байгууламжийг нь шийдээд өгчихвөл Эмээлтийн цаахна ч байна уу, Налайхын тийш ч байна уу хамаагүй нүүхэд аж ахуйн нэгжүүд эсэргүүцэх зүйлгүй. Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд 2010 оноос цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, засвар шинэчлэлтэд долоон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Өнгөрөгч наймдугаар сард Харгиа цэвэрлэх байгууламжийг нийслэлийн өмчит үйлдвэрийн газар болгосноор үйл ажиллагаа эрс сайжирсан. 

Манай арьс шир боловсруулах үйлдвэрээс гарах бохир нь ч стандартын хэмжээнд байгаа учраас цэвэрлэх байгууламжийн тал дээр ямар нэгэн асуудалгүй.   

М.Ууган-Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *