ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС/2014/… Сонгодог урлагийн нэрт зүтгэлтэн Цэрэнпилийн Ерөөгийн тухай өгүүлсэн нийтлэлийг хүргэж байна.
Сонгодог урлагийн нэрт зүтгэлтэн Цэрэнпилийн Ерөө Монгол Улсын гавьяат багш цол хүртэж үндэсний их баяр наадам дээр баяр нэмсэн цэнгэлтэй сайхан өдрүүд болж өнгөрөв. Их урлагт хийж бүтээснээрээ хамгийн ил хэрнээ элдэв магтаал, алга ташилт, сүр дуулианаас далд нууцлаг амьдрахуйн тодоос тод үлгэр жишээ болсон сонгодог дуурийн эрхэмсэг энэ хатагтайг “Өдрийн зочин”-оороо онцолж байна. Тэрбээр Дуурь бүжгийн эрдмийн театрын урын сангийн тухайн цагийнхаа бүх дуурьт дөч гаруй дүр бүтээсэн дал, наяад оны меццо сопрано, Монголдоо өнөөгийн дэлхийн дуучдыг бэлтгэж буй “фронтын гол командлагчдын” нэг, дэд профессор түүнийг саяхныг хүртэл СТА гэж дуудахад их л хачин сонсогддог байлаа. Гавьяат жүжигчин тэрний багш соёлын тэргүүний ажилтан Ерөө гэж. Шавь нарынх нь нэг ДБЭТ-ын гоцлооч, М.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны дэд байрын шагналт Э.Амартүвшинг хоёр жилийн өмнө домогт дуучин Плачидо Домингогийн нэрэмжит уралдаанаас тэргүүн байрыг нь авчрахад монгол хүн сонгодог дуурьт тэр итали, оросынх нь зэрэгт хүрч буйг мэдэрч сонсогч түмэн монголчууд бид өөрсдөөрөө бахархаж байв.
ДБЭТ сонгодог статусаар анх 1963 онд эмхлэн байгуулагдсан. Тэр жилээ наадмаар “Лусын дагина” дуурийг тайзнаа тавихад Ерөө гуай Вангийн хатны дүрд дуулж, тэгэхэд хорь ч хүрээгүй байжээ. Театр ч, Ерөө гуай ч гараанаасаа гарсан цаг үе ажээ. Тавин нэгэн жилийн дараа тэрбээр гавьяат болохдоо мөн л наадмаар. Ерөө гуайд наадам их л ээлтэй бололтой. А.Даргомыжскийн “Лусын дагина” дуурийн Вангийн хатан, Ж.Бизегийн “Кармен” дуурийн Кармен, Ж.Вердийн “Травиата” дуурийн Флора, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Ольга, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа, Бүүвэйч гэхчлэн тус театрын урын сан дахь ерэн оноос өмнө тавьсан бүх жүжигт дуулж, ерэн оны эхээр Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Ц.Пүрэвдорж гуайн санал болгосноор СУИС-д багшилж эхлэхдээ ассистент багшаас эхэлсэн тухайгаа энэ өдөр дурсаж байна. Удалгүй ХБК дуулаачийн тэнхим нээснээр тэнд багшлах болсон ч ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Г.Хайдав гуайн дуудлагаар буцаад СУИС-даа ирж, эдүгээ тэрбээр багшийн төдийгүй эх хүний эрдэм, ухаан, зүрх сэтгэлээрээ дуурийн урлагийн дэлхийн уран бүтээлчдийг бэлтгэсээр байна. Манай сонгодог урлагийн ертөнцөд өрнөж буй үйл явдлын хамгийн сүүлийн сайн мэдээг мөн л Ц.Ерөө багшийн шавь нарын нэг н.Бадрал дуулгалаа. Бадрал өнөө жил олон улсын хэд хэдэн уралдаанаас “Гран при” шагнал авчран багшийгаа баярлуулаад байна. Ер нь сүүлийн жилүүдэд М.Глинкийн уралдааны эхний байруудыг голдуу Ц.Ерөө гуайн шавь нар авч, дуурийн дуучны өндөр жишиг, Монголын дуурийн ирээдүйг үзүүлэх болоод байгаа билээ.
Цэргийн үлээвэр найрал хөгжмийн урын сангийн гол гол маршууд Ц.Ерөө гуайн аав Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Н.Цэрэнпилийн зохиолууд гэдгийг энэ өдөр дурсахгүй өнгөрөх учиргүй юм. Ерөө гуай энэ өдөр шавь нараараа бахархахын хамт ааваараа бахархаж “Би цэргийн үлээвэр хөгжмийн сүрлэг, яруу эгшиг дунд өссөн. Аав маань 120-иод марш бичсэн байдаг. Тэр бүтээлүүд нь өнөөг хүртэл эгшиглэж, эр цэргийн хийморь цогийг бадраасаар байна. Баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд ч аавын маань маршууд эгшиглэсээр байна” гэлээ. Эднийх угтаа их урлагийн гэр бүл юм. Хүү нь ДБЭТ-ын найрал дууны ерөнхий удирдаач бол бага охин нь төгөлдөр хуурын багш аж. Уран бүтээлч хэзээ ч хиймэл дүр гаргаж болохгүй. Дүр бүхнээ бодитоор амилуулах нь чухал гэж тэрбээр шавь нартаа сургадаг юм байна.
Н.ПАГМА