Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадмын гамшиг

Хүйтний уур орж, шөнөдөө хасах хэм болж, анхны цас унаж зудын гамшгийн тухай яриа эхэлж байна. Яг энэ үеэс л наадам цөөрч найр эхэлнэ. Өнөөдөр намрын дунд сарын 17 буюу албан ёсны их найр хуримын өдөр. Энэ зунжингаа Монгол даяараа  нүсэр их наадлаа.Яг л эртний туульсын ялсан баатрууд наадаж наргиж байгаа юм шиг наадав. Унасан морио гундтал, өмссөн дээлээ гандтал,торх торхоор сархад зооглож, үхэр үхрээр мах чанаж , жар хоног жаргаж нэгэн наадав. Ная хоног наргиж нэгэн наадав. Ер нь цас ороогүй бол наадаад л баймаараа. Ямар ямар наадмууд болоод өнгөрөв өө. Тоолохын ч аргагүй дээ. Харин энэ их хөлгүй цэнгэлд үрэгдэж байгаа хөрөнгө мөнгийг мэргэн уншигч нар минь  багцаагаар тооцоод үзээрэй. Тоймтойгоос нь: Хамгийн том наадам Улсын их баяр наадам, Ардын хувьсгалын яруу алдарт ой Улаанбаатарт болов.  Нийслэлийн төсвөөс 600 сая төгрөг гаргав.  Засгийн газраас гарсан мөнгийг тооцохын арга үгүй. Дараа нь их хурд наадам боллоо. Ёстой нэг баярхаж өгөв. Зуун сая төгрөгийн ланд машинаар байлав. Дараа нь аймгуудын наадмууд болов. Албан ёсны мэдээгээр бол нэг аймаг 150-280 сая төгрөгөнд наадмаа багтаасан гэж байна. Гэхдээ энэ өчүүхэн бага төсөв хүрэлцэхгүй болохоор ирэх жил нэг аймаг 500 сая төгрөгөөр наадахаа эрхэм гишүүдээрээ дамжуулан төр засагтаа уламжлав. Дараа нь сумуудын наадам болов оо. Төсөв нь 60-100 сая төгрөг гэж байгаа боловч сумын наадамдаа өгөх хандив тус­ламж, гуйсан түүсэнтэйгээ нийлээд 200 сая гарсан тухай  бүх сумууд мэдээлсэн   байна. 21 аймаг,  Эрдэнэт, Дархан хот, хо­тын дүүргүүд, 360 сумтай гэж тооцохоо мартав. “Эр­дэнэт үйлдвэр” ёстой юмтай газар шиг наадмын зарлагын ханшийг суга өсгөлөө.  Дээд адгуусанд 10 сая төгрөг, дунд адгуусанд таван сая төгрөг, адгийн адгуусанд нэг сая төгрөг шидэж, уулыг тал болтол талыг там болтол хүлэг сайн морио уралдуулж хүчит сайн эрсээ барилдуулж  нэгэн наадлаа. Тоонд сайн уншигч нар минь үржүүлээд байгаарай. Баруун ,зүүн, урд, хойд, төвийн бүсийн их хурд наадмууд болов. Бүсийн хурд наадам хэмжээ цараа зарсан хөрөнгө мөнгөөрөө улсын наадмаас агуу гэнэв. Их хурд наадам битгий хэл бүсийн хурд наадмын түрүү морь бөхийн шагнал улсын наадмын шагналыг 100 дахин нэмсэнтэй тэнцдэг ажгуу . Өөр ямар наадмууд боллоо доо. Өө тийм Баруун зүүн Монгол, Ойрд халхаараа хуваагдан өрсөлдөн, тэмцэлдэн, хурд хүчээ сорин тэмцэлдэн наадав. Ястан үндэстэн, овог аймгаараа ялгарч баахан наадав. Буриадууд наадав. Өөлдүүд наадав. Дүрвэдүүд наадав, Баядууд наадав.Хасагууд наадав, Боржигонууд наадав. Баргууд наадав. Зарсан хөрөнгө, зартай томчуудаараа гайхуулан нэгэн наадав. Хүний хүч хүлгийн хурд, мэргэн харваачаараа гайхуулж нэгэн наадав. Архинд халуурсан наадамчдын цөс нь хөөрөхдөө ойр тойрондоо байгаа овог аймгууд руу дайлаар мордох нь холгүй юм болж наадав. Инээдтэй жишээ ч их гарав гэнэ. Халхын наадамд түрүүлсэн тэр  муу өөлдийн бөхийг тэнгэр харуулах юмсан гэж нэгэн  монгол баатрын дүртэй дарга агсагнасныг хэвлэлд тэмдэглэжээ. Өөлдийн наадамд түрүүлсэн тэр муу халхын адсаганы шөрмөсийг огтлох юмсан гэж нэг  хүлэг баатрын хувцаст гишүүн  хутга гарган дүвчигнэсэн гэнэв. Эдгээр хөлгүй их баяр цэнгэл наадмуудаас  хамгийн лут нь МАХН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баярыг төрүүлсэн нутаг Хөвсгөл аймагт хот­гойдын Чингүнжавын наадам болов. Эл их наадамд Мон­гол Улсын Засгийн газраас нэг тэрбум төгрөг гарган өгч баярхав. Оролцсон төлөө­лөгчид нь гэвэл улсын Ерөн­хийлөгч, Ерөнхий сайд, сайдуудаас эхлээд аймгуудын хурлын болон засаг ноёд хаа байгаа газраасаа эрх тушаал ямбаны унаа унаштайгаа морилон очиж өгсөн бэлэг, өмссөн зүүснээрээ уралдацгаав. Эрхэм дарга, хошуу ноёдууд Хөвсгөлийн наадмаас эргэж нутагтаа ирээд, нутгаасаа төрж гарсан хошуу ноён хийгээд өдгөө УИХ-ын гишүүн болсон   томчуудынхаа наадмыг  хийцгээв. УИХ-ын гишүүдийн хамгийн жул наадам нь УИХ-ын гишүүн Бямбацогттой хамт Ховд аймгийн Мянгад суманд бага сургуулийн хоёроос дөрөвдүгээр  ангид хамт сурч байсан  ангийн хүүхдүүдийн нь зохион байгуулсан нэрэмжит наадам болсон байна.Сониноор бичигдсэнгүй, зурагтаар гарсангүй. УИХ-ын хэвлэл мэдээллийн албанаас” Бямбацогт гишүүн наадам хийсэн ангийнхандаа баярлалаа” гэсэн цагаан мэдээ тараагаад өнгөрөв.   УИХ-ын гишүүн томчуудаас наадмаа хамгийн нүнжигтэй зохион байгуулсан нь их аварга гишүүн Бат-Эрдэнэ болов.  УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга их аварга Б.Бат-Эрдэнэ  манлайлан Хэнтий аймагт 108 суварга босгож морь бөхийн бурхан бүтээж, нүсэр их наадам хийж хутга тавилгүй мах идэж хундага тавилгүй архи уув гэж албан бусаар мэдээлэв. (108 суварганд орсон хөрөнгө хэмээвээс тус бүр нь нэг сая төгрөгийн суврага 100,  тус бүр нь 10 сая төгрөгийн суварга наймыг босгож нэг метрийн өндөртэй Дамдинчойжоо нэртэй морины бурхан бүтээж залав гэнэ. Харин бөхийн бурхан залаагүй.Яагаад гэвэл бөхийн амьд бурхан нь Хэнтий нутгийг ивээж, Монголын хуулийг даргалж байгаа нь  их учиртай гэв. (Нэг суварганд дунджаар 1-25 сая төгрөгийн цемент, туйпуй, ном орно гэж суварганы бизнес эрхэлдэг лам ярив Г.Д) Их аварга гишүүний манлайлан бүтээсэн суварга, наадмаас илүү гарах гэж аархан баярхаж, УИХ-ын гишүүн Сангийн сайд Баярцогт, Монгол банкны Ерөнхийлөгч асан Чулуунбат, Ашигт малмалын хэрэг эрхлэх газрын дарга Батхуяг, иргэн Далай нар ивээн тэтгэж олон сая доллор хаян Сэлэнгэ аймагт гэрэлт цагаан суварга босгон түүхэн том наадам хийлээ. Төр засгийн хууль, банк, санхүүг атгасан эрхэм гишүүдийн цуглуулж наадсан энэ их хөрөнгө зудад малаа үхүүлсэн сумынхан болон ядмагхан зарим гишүүнээ хөлдөө чирэх нь байна. Саяхан намайг сумандаа очиход манай сумынхан 108 суварга босгож чаддаггүй юм гэхэд ганц суварга босгож  Дондог гишүүнийхээ наадмыг хийе гээд хандив мандив болж байлаа. Тэгээд шүтлэгт Баян уулан дээрээ өнчин суварга босгож морь уралдуулж санаа амрав. Уул овоо, гишүүн, морь бөх, суварга тахилгын наадмууд үргэлжилнэ. Уудам  Монгол нутгийн хичнээн овоог ч тахиж наадсан юм бүү мэд. Манай суманд л лав энэ хавар, зун, намар овоо тахилгын  наадам таван удаа болов. Нэг сумын нутагт дунджаар гурван овоо тахисан гэж бодоход 2000 наадам болоод өнгөрч дээ. Мартах шахлаа. Энэ бүх наадмуудад түрүүлж айрагдсан морь бөхийн мялаалгын наадмууд зун намрын зургаан сардаа багтах шинжгүй байна. Албан газруудын 30, 40, 50, 60, 70, 80 жилийн ойн наадмуудыг хэн тоолж барах вэ. Адаглаад л сургуулиудын 80 жилийн ойн нүсэр наадмууд болоод өнгөрөв. Манай сургуулийн 80 жилийн ойн баяр наадам болж зургаан настай энэ жил сургуульд орсон хүүхдээс эхлээд 60 гарсан буурлууд уулзаж учирч ангиараа нийлж хонь ямаа боож,айраг архи  зооглож морь уралдуулж бөх барилдуулж маш сайхан наадав. Монголчууд даяараа сайхан наадлаа. Манай нийгмийг ерөөсөө л наадам зохицуулдаг юм шиг болжээ.  УИХ-аа завсарлуулж байгаад, Засгийн газруудын байгууллагуудаа хааж байгаад, сургуулиудаа амрааж байгаад наадаж байна. Хууль хяналтын байгууллагууд ч гэсэн байцааж байгаа хүмүүсээ гурван сар цоожилж байгаад л амарч нааддаг. Эдийн засгийн хохирол хэдэн тэрбум доллар найр наадамд үрэгддэгийг хэнч мэддэггүй. Лав л зудын гамшгаас арай илүү мөнгө эдгээр  эх захгүй наадмын гамшигт үрэгдэж байна. Тэхээр өвөл нь зудын гамшиг зун нь наадмын гамшиг хоёр гамшгийн хооронд бид хэзээ ч дэвжихгүйнээ. Суврага барьснаас сургууль барьсан нь хамаагүй дээр. Бид найр наадам, морь бөх, дуу хуур,хуушуур боодог,бурхан, тахилга, бөө тамлага,айраг архинд хөрөнгөө  үрж байдгаа барснаас ганц үйлдвэр барьсан нь илүү гэдгийг хорин хэддүгээр зуунд ойлгох юм бол бүү мэд. Нацагдорж зохиолч үнэн хэлжээ. “Амьд явбал наадам үзнэ” гэж.  Иргэд ядуу явах нь хамаагүй наадам үзэхийн тулд амьд л явах хэрэгтэй юм шив дээ. Анхны цас орлоо. Наадмын гамшиг татарч зудын гамшиг эхэллээ. Амьд явбал ахиад л хойтон жил сонгуулийн урьд жил бүүр хөрөнгө мөнгийг ус шиг цацсан хөлгүй том наадмууд үзнэ.

 Одоогоос олон мянган жилийн өмнө, ойрхи дорнодын хавьд хоёр голын сав газарт, давсны их баялагтай, тэр давсыг нь арабууд дарсаар сольж тэмээгээр зөөж авдаг  нэг их баян хаант улс байжээ.  Хаан эхэлж найр наадам хийгээд жаргаад байжээ. Дараа нь ард олноороо найрлан жаргадаг болжээ. Энэ улс орон одоо түүхэнд ч байхгүй болтлоо мөхсөн байна. Газар хөдлөлт, гадны дайсан довтолгоон, боолчуудын бослого, эдийн засгийн уналтаар сүйрээгүй харин эх захгүй зугаа цэнгэл, “найр наадмын гамшиг”т сүйрсэн тухай  гайхамшигтай номыг би уншиж дууслаа.

 2008 он есдүгээр сар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *