Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 96 дугаар тогтоолын дагуу ЭЗХЯ-ны Гудамж төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом суманд таван тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй 11.4 км, 15 метрийн өргөнтэй стандартын зам тавигдах бөгөөд эхний ээлжинд 9.4 км зам тавина. Уг төслийн хүрээнд хар зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний замтай цогц бүтээн байгуулалт хийгдэх аж. Увс аймагт авто машины зам ихэнхи нь “Т” хэлбэртэй байгаа бөгөөд 10 газрыг өөрчилж дөрвөн замын уулзвартай болгон шинэчилнэ. Зам тавихад зарим аж ахуй нэгж, иргэдийн оршин суугаа газруудыг дайран өнгөрч байгаа бөгөөд эдгээр объектуудад албан ёсны мэдэгдэл хүргүүлсэн байна. Тухайн объектуудад тодорхой үнэлгээ тогтоож газрыг чөлөөлөх, шилжүүлэх, газрыг газраар нь сольж өгөх зэрэг ажил зохион байгуулж иргэдтэй уулзан, харилцан зөвшилцөх ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа аж.