Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадмаар 19 хүүхэд мориноосоо унажээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Үндэсний баяр наадмаар тус газар Үндэсний баяр наадмын Бөх, Сур, Хурдан морины салбар хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Даатгагчдын холбоо, Монголын Морин спорт уяачдын холбоо, Цагдаагийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажилласан байна.

Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн ажилтнууд нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Өсвөрийн бөх, Өсвөрийн сурын харваа, Хурдан морины уралдааны үеэр таван өдөр ажиллажээ.

Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Өсвөрийн хүчит 128 бөх барилдсанаас бөхийн барилдаан элдэв маргаан, бэртэл, зөрчилгүй болж, Батжаргалын Лхагвадорж нь сүүлийн гурван жил дараалан түрүүлж үндэсний бөхийн түүхэнд шинээр бичигдэх амжилт үзүүлсэн байна.

Үндэсний баяр наадмаар 120 хүүхэд Өсвөрийн сурын харваанд оролцсон нь өмнөх оноос 40 хувиар нэмэгджээ. Үндэсний сурын спортоор хичээллэж буй хүүхэд тусгай зай талбайд биеийн өндөртөө харьцуулсан нум сумаар хичээллэдэг бөгөөд хүүхдэд тохирсон нум сумыг хийх хүн ховор байдаг нь гол хүндрэл болдог байна.

Үндэсний их баяр наадамд /Хүй долоо худаг/ 7-18 насны 511 унаач хүүхэд бүртгүүлсэн ба есөн насны 1751 морь унаж уралджээ. Хурдан морины үндсэн зургаан нас болон эрлийз морины гурван насны уралдаанд нэг уралдаанч хүүхдийн унаж уралдаж буй байдлыг авч үзвэл нэг удаагийн наадамд дунджаар гурван насны морь унажээ.

Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих ММ5:6264:2011 тоот стандартын шаардлага хангасан хувцас хэрэглэлийг уралдаанч хүүхдүүдэд өмсүүлэх шаардлагыг тавьж ажилласаны үр дүнд унаач хүүхдүүд 100 хувь хамгаалалтын малгай, цээживчтэй уралдаанд оролцож 80 гаруй хувь нь өвдгөвч, тохойвчтой уралдаанд оролцсон байна. 19 хүүхэд мориноос унаж гурван унаач хүүхэд хүндэвтэр, найман хүүхэд хөнгөн гэмтэл авч, найман хүүхэд гэмтэлгүй гарчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *