“De facto” нэвтрүүлгийн зочноор оролцсон УИХ-ын дарга З.Энхболд оролцсон юм. Түүний ярилцлагыг тоймлон хүргэж байна.
–УИХ бол манай нийгмийн багасгасан хувилбар. Гудамжинд хэрэлдэж суухаар наанаа тусгай дэгийн дагуу саналаа гаргаад, биднийг төлөөлөөд бидний асуудлыг шийд гээд явуулдаг.
–“Давхар дээл”-ийн асуудлыг буруу гэж үзээд, Ерөнхийлөгч хууль санаачлаад, хууль яг гардаг дээрээ батлагдаагүй. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хоёр хоорондоо холилдчихоод байгаа учраас болохгүй байгаа юм. Үндсэн хуульд заасны дагуу ойлгомжтой болгох ёстой.
–Ашигт малтмалын хувьд бид алдаж л явна. Манайд ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа байж болох хамгийн либерал дэглэмээр явж ирлээ. Гэтэл сонгогчид шүүмжилсэн. Тэгэхэд нь сандраад 2008-2010 онд гэнэт бүх хөрөнгө оруулалтаа хаачихсан. Шинээр лиценз олгохоо байж, үндсэндээ уул уурхайн салбарыг зогсоочихсон. Эдийн засаг хямраад болохоо байгаад ирэнгүүт, “Энэ чинь болохгүй юм байна, үүнийгээ нээе ээ” гээд хуучин шиг бүх юм нээлттэй биш, зөвшөөрөгдсөн газар хайгуул хийдэг байх ийм Ашигт малтмалын хууль баталлаа л даа. Үүгээрээ хөрөнгө оруулалтыг татъя, хөрөнгө оруулалт орж ирэхэд валютын ханш буурна гэж тооцож байгаа. Эдийн засгаа сэргээе гэдэг утгаар. Ер нь бол бүгд нээлттэй байсан нэг хязгаараас бүгдийг хаасан нэг хязгаар болсон байсан. Одоо дунджийг нь олж явах гээд байна. Монголын ард түмэн уул уурхайгаа явуулъя аа, гэхдээ хэмжээ хязгаартай, зааж өгсөн газарт үйл ажиллагаа явуулдаг байя гэж байгаа. Энэ дагуу дуртай газраа очоод ухаад байдгаа больё гэдэг ийм шийдэл гаргалаа. Энэ утгаар Ашигт малтмалын хуульд орсон өөрчлөлтийг түүхэн гэж хэлж болно. Уул уурхайгаа яаж ашиглах арга замаа одооноос л олж авч байна. Алдан онон байж.
–Гадаадын хөрөнгө оруулалтыг хааж үзсэн. 2012 оны сонгуулийн өмнө тавдугаар сард. Түүнийг буруу юм гэдгийг 2013 оны сүүлээр ойлгоод буцааж нээж өгсөн.
–“Урт нэртэй хууль”-ийг аваад үзье. Асуудал нэлээд олон жилийн турш хуримтлагдсан болохоор тийм хууль гаргахаас аргагүй байдалд орсон. Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд ч гэсэн. Монголчууд өөрийнхөө газар нутаг дээр ингэж амьдраад байхдаа яадаг юм.
–Төрийн өмчийн хороо 1996 оны наймдугаар сарын 1-нд байгуулагдаж, анхны даргаар нь очсон. Цаанадаж 10 жил ажиллаад, хэрэгтэй хэрэггүй өмчөөсөө салаад, төрд хувийн өмч давамгайлаад, баяртай гээд татан буугдах байгууллага гэж тооцож байсан. Өнөөдөр 2014 он, энэ байгууллага байсаар байгаа. Удах тусмаа эдийн засагт саад учруулж эхэлж байгаа. Төрийн оролцох ёстой юм, оролцох ёсгүй юм гэж байна. Энэ мөнхийн сэдэв л дээ.
–“Оюутолгой”-д зээл авч орсноосоо болоод, ороогүй байсан нь дээр юм гэдэг үзэл бодол руу өнөөдөр шилжиж байна.
–Нүүрс бол дэлхийн бүх улсад байна, тэгэхээр энэ нь стратегийн биш юм байна гэж үзэх болж байна. Стратегийн ойлголтыг орд гэдгээр нь биш, бүтээгдэхүүн гэдэг ойлголтоор шинэчилье гэдэг концепц Их хурал дээр яригдаж байгаа. Ер нь алт, газрын ховор элемент гэх мэтийн батлан хамгаалахын чиглэлтэй онцгой бараанууд байна.
–Төрд татвараас цугласан мөнгөөр ямар нэгэн бизнес хийх нь буруу юм байна гэдэг шийдэлд сая “Цагаан суварга”-ыг шийдсэн байдлаас харахад УИХ-ын гишүүдийн олонх нь хүрч байгаа нь өөрөө их том дэвшил болж байгаа юм.
–Бидний зан араншин хэтэрхий туйлшрал руу яваад байна.
–Хөгжлийн банкаа татан буулга, “Чингис”, “Самурай” бондоо төсөвтэйгөө нийлүүлэх шийдвэрийг 76 гишүүнээ хуралдуулахад олонх нь сая л гаргалаа шүү дээ. Хөгжлийн банкны одоо өгсөн зээлийн байдлыг харах юм бол зээлээ төлөх чадваргүй. Чадваргүй учраас хэн төлөх вэ, УИХ-аас өөр төлөх газар байхгүй.
–Улсын төсвийг компаниудаас авсан татвараар бүрдүүлж байгаа юм. Эцсийн эцэст энэ зээлийг төлөх газар нь УИХ учраас УИХ жагсаалтыг батална гэдэг хуультай. Гэтэл УИХ-аар батлуулалгүй хоёр жил явчихсан хариуцлагагүй Засгийн газар байгааг би шүүмжилсэн. Одоо энэ зээлийнхээ учрыг олох ажил хүлээгдэж байна.
–Ханшийг интервенц хийх мөнгөтэй бол багасгаж болдог. Ханш яагаад өсөөд байдаг юм, Монголбанкны ерөнхийлөгч, Эдийн засгийн хөгжлийн сайд яагаад буулгаж болдоггүй юм, ханшийн өсөлт гай болж байна гэсэн яриа, ойлголт яваад байдаг. Энэ талаар тайлбарлах гэж Эрдэнэтэд байдаг “Бэрэн” компанийн дөрвөн бүтээгдэхүүн авчирсан. Эхнийх нь хүн болгоны мэддэг арматур. Хоёр дахь нь Архангайн Төвшрүүлэхэд газар дороос гаргадаг, тонныг нь 40 доллараар зардаг төмрийн хүдэр. Үүний 50 хувьд нь ч юм уу төмөр байна, үлдсэн нь чулуу. Бутлаад одоо бариад байгаа зууханд нь хийхэд ийм ширэм (гурав дахь бүтээгдэхүүн нь) болж байгаа юм, 400 долларын. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэглэдэг ган бөмбөлөг 900 долларын үнэтэй. Жилдээ нэлээд олон арван сая доллараар худалдаж авдаг эд. Өнөөх 6670 доллараар зардаг зэс дотор энэ тодорхой хувь эзэлж байгаа. Гэтэл энэ бөмбөлөг доторхийг хэд ч байдаг юм, тухайлбал 600 долларын орцыг бид биш, оросууд хийж байна шүү дээ.
–Валютын ханш хэзээ буурч, хүмүүсийн хүсч буй түвшинд хүрэх вэ гэхээр Архангайн Төвшрүүлэхийн төмрийн хүдэр явсаар байгаад ган бөмбөлөг болсон үед. Тэр цагт ханш тогтворжино. Уул уурхайн экспортод Монголынхоо оролцоог нэмэх юм бол ханш гэдэг юм баригдана.
–Цариг өргөн нарийн байх нь гуравдугаар асуудал Монгол Улсад үйлдвэрлэсэн 10 сая тонн ширэм дэлхийн зах зээлийн үнээр зарагдах нь царигаас илүү хэрэгтэй. НҮБ-ын далайд гарцгүй орнуудын хэлэлцээрт “Далайд гарцгүй улс далай руу явахад замд нь байгаа улсууд өөрийнхөө компанитай адилхан тарифаар нэвтрүүлэх үүрэгтэй”. Бид тийм эрхтэй, тэр эрхээ гэрээгээр зохицох ёстой юм. Тэгэхээр бид хоёр улстайгаа тэдний нутгаар дамжин далайн эрэгт хүрдэг гэрээнүүдээ байгуулж авах нь чухал. Тэгэхгүй бол бид бус нутгийн худалдаагаар хятадад өгөөд дэлхийн үнийг авч чадахгүй байгаа юм. Манай бүтээгдэхүүн далайд хүрч байж л дэлхийн зах зээлийн үнээ барьж авна.