Сэлэнгэ аймгийн Ерөө голын гүүр орчимд 18-20 насны таван иргэн усанд осолдсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Өчигдрийн байдлаар усанд осолдсон таван иргэний хоёрынх нь цогцсыг олжээ. Онцгой байдлын 100 гаруй албан хаагч урсгал усанд эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа юм байна. Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулсаар байгаа ч иргэд голд осолдож амь насаа алдсаар байна. Дархан-Уул аймгийн ОБГ долдугаар сарын 15-ны өдөр Орхон голын хавцлын хуучин бирвааз орчим эрэгтэй хүний цогцос урсаж байна гэсэн дуудлагаар очиж цогцосыг гаргаж холбогдох газруудад хүргүүлжээ.
Долдугаар сарын 16-нд Дархан сумын гуравдугаар баг “Монгол катлон Түшиг-Уул” ХХК-ий карьерт хүн алга болсон гэсэн дуудлагын дагуу ажиллаж өчигдөр уг цогцсыг Онцгой байдлын Ерөнхий газрын аврах тусгай ангийн бие бүрэлдэхүүнтэй хамтран олжээ.