Тулгар төр байгуулагдсаны 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол Улсын арслан Намсрайжавын Батсуурьтай ярилцлаа. Түүнийг нутаг руугаа яарч байхад нь уулзсан юм.
-Төрийн наадамд түрүүлж Монгол Улсын арслан цолтой боллоо. Танд баяр хүргэе.
-Баярлалаа. Нар хур тэгширсэн дэлгэр сайхан наадам боллоо. Монгол түмэн минь дэлгэр сайхан наадсан байх. Өнгөрсөн жил улсын харцага цолонд хүрсэн бол өнөө жил цолоо батлаад зогсохгүй улсын наадмын түрүү бөхөөр тодорч Монгол Улсын арслан хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртлээ. Аавынхаа, өвөөгийнхөө хүрч амжаагүй цолонд хүрч төрийн наадамдаа түрүүллээ. Төр түмнийхээ энэ сайхан наадмын тэргүүн бөхөөр шалгарч түмэн олноо баясгаж чадлаа. Бөхчүүд бид түмэн олондоо сэтгэлийн цэнгэл эдлүүлэх гэж байнга л бэлтгэл сургуулилт хийдэг. Бөхийн спорттой амьдралаа холбосноос хойш ийнхүү зорьж явсан цолондоо хүрлээ. Улам их хариуцлага надад ирж байгааг илүүтэйгээр мэдэрсэн. Үнэхээр их баяртай байна.
-Та “Увс нуур” дэвжээний бөх. Нутгийн тань бөхчүүд таны бэлтгэлийг үнэхээр сайн байсан гэж ярьж байна лээ?
-Дэвжээнийхэнтэйгээ хамт бэлтгэл хийсэн. Увсын бөхчүүд маань Харзтайд байх “Шүтээн” амралтын газар бэлтгэлээ базаасан. Мэдээж хэрэг дээгүүр сайн барилдах зорилготой бэлтгэлээ хийлээ. Давгүй барилдчих юмсан гэж нэлээн хичээсэн шүү. Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг гэдэг биз дээ. Жил дараалан цолоо бататган ахиулсан болохоор “цолоо ахиулчих юмсан” гэж хичээсэн. Хүн уйгагүй хөдөлмөрлөж, хүссэн зүйлдээ сэтгэл шулуудаж чадвал амжилт ирдэг гэдгийн нэг баталгаа энэ боллоо. Энэ жил өөрийнхөө болох хэмжээнд хүртэл бэлтгэл сургуулилтаа хичээж хийсэн. Тамирчин хүн урсгасан хөлснийхөө хэмжээгээр амжилтаа үнэлүүлдэг. Энхийн цагт хөлс их гарвал дайны үед цус бага урсана гэдэг биз дээ. Нутгийнхаа бөхчүүдтэй бэлтгэл сургуулилтаа ханатлаа сайхан базаалаа. Тэд маань ч гэсэн сайхан дэмжиж, хамтдаа бэлтгэлээ хийцгээсэн.
-Түрүү, үзүүр булаалдахаар зогсож байхад юу бодогдож байв?
-Олон зүйл бодох сөхөө байгаагүй. Нутгийн ах нар тойрч ирээд “шийдсэн мэхээ хийнэ шүү. Сайн барилдаарай” л гэсэн. Ямартай ч санасандаа хүртэл барилдана, дараа нь харамсахгүй гэж бодсон. Өөрийнхөө төлөө өөрөө өөрийгөө хурцлахгүй бол болохгүй шүү дээ. Төрийн наадамд зүгээр ч нэг залуучууд зодог, шуудаг бүсэлж ирээд барилддаггүй. Төрийн наадмын даваа бүр хариуцлагатай байдаг. Тиймээс үзүүр түрүү гэлтгүй бүх л барилдаан эхнээсээ дуусан дуустлаа хариуцлагатай байсан. Би түрүүлчих юмсан гэж хичээхээсээ илүү өөрийнхөөрөө барилдахыг л зорьсон. Төрийн наадмын энэ өндөр даваанд гарч ирчихээд сүүлд нь толгойгоо шаах вий гэж бодсон. Тиймээс өөрийн сурсан барилдаан, эцсийн хүчээ шавхаад ч хамаагүй үзье л гэж өөртөө хүч нэмсэн. Барилдаанууд хариуцлагатай ч үнэхээр сайхан болж чадсан.
-Түрүүлэхэд аав тань баярын нулимс унагаж байгаа харагдсан?
-Аргагүй шүү дээ, аав минь. Өөрөө бөх хүн болохоор хазайхад минь хамт хазайж, давахад минь баярлан, унахад минь хамт л унаж явдаг хүн. Аав минь Монгол Улсын харцага цолтой Гэлэгийн Намсрайжав гэж хүн бий. 1988 онд 29 настайдаа улсын арслан Б.Ганбаатарыг давж улсын цол авч байсан. Б.Ганбаатар арслан тухайн үед наадамд хоёр дараалан түрүүлчихсэн, ид үедээ байсан юм билээ. Манай өвөө ч бас улсын начин цолтой. Ж.Гэлэг гэж хүн байсан. Ардын хувьсгалын 29 жилийн ой буюу 1950 онд Батсуурь аваргаар тав давж начин цолны болзол хангаж байсан. Тэр үед Батсуурь аварга бас л наадамд хоёр дараалан түрүүлчихээд байсан гэдэг. Аав минь намайг барилдах үед даваа бүрийн ард хамт байсан. Аав надад хүч өгч байсан гэхэд болно.
-Хүүдээ зааж зөвлөнө биз?
-Өөрийн мэдэх чадах бүхнээ л хэлнэ. Тайван сайхан барилдаарай гэдэг. Аав минь намайг хурцалж улсын наадамд түрүүлүүллээ. Үүнээс том амжилт гэж хаа байхав дээ. Аав минь их баярласан шүү.
-Ээжийн тань талд бас улсын цолтон бий гэж сонслоо?
-Манай ээж Ховд аймгийн Дарви сумынх. Олимпийн хүрэл медальт, улсын начин Р.Даваадалай, улсын начин Ло.Энхбаяр, Ло.Эрхбаяр нар байна. Аав ээжийнхээ талд бөхийн удамтай. Харин би айлын ганц хүү. Хоёр эгчтэй.
-Та хэдэн жил улсад зодоглож байж түрүүлэв?
-Анх 2009 онд улсын наадамд барилдсан. Өнгөрсөн жил харцага цолонд хүрсэн. Аавынхаа цолонд хүрлээ гэж их баярлаж байсан бол одоо арслан болчихлоо. Одоо харин аав минь хүүгээрээ бахархаж байгаа байх аа.
-Наадмын дараа хаана очиж зодоглох вэ?
-Нутаг руугаа явах гэж байна. Нутгийнхаа уул усанд очиж ах дүүстэйгээ амарч байгаад ирнэ дээ.
-Та хаана ямар сургууль төгссөн юм бэ?
-Би 2008 онд “Соёл-Эрдэм” дээд сургуулийн Аялал жуулчлалын ангийг төгссөн. “Химон” констракшны бөх.
-Гэр бүлтэй юу?
-Байгаа. Эхнэр маань амаржаад удаагүй байгаа.
С.АЛТАНЦЭЦЭГ