Categories
мэдээ цаг-үе

Дуулгах сонин, дуурсах бүхнээр дүүрэн их баяр наадам

Монгол төрийн наадам дэлгэр сайхан боллоо. Тулгар төр байгуулагдсаны 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 524 бөх зодоглож уран мэхээ уралдуулан барилдсан. Арслантай, гарьдтай, заантай, харцагатай, начинтай наадаж хотол олныг баясгалаа. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ түрүүлж арслан цолны болзол хангасан Н.Батсуурь удам дагасан хүчтэн. Түүний өвөө болон аав нь улсын цолтой бөхчүүд. Тэгвэл хурдан азарганы түрүүг ч мөн гурав дахь үеийн уяач хүртлээ. М.Данзаннямын удмынхан гурван үеэрээ төрийн наадамд азарга түрүүлгэж монгол наадмын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж байна. Эрхий мэргэн харваачдын цэц ончтой байсан. Наадмын өмнөхөн үндэсний сурын харваанд хөдөлмөрийн баатар төрсөн нь харваачдад урам хайрласан юм.


Аварга цолтой таван бөх зодоглож, зүүний магнай зүгээр ирээгүй нэгийн даваа

Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн Үндэсний их баяр наадам дуулгах сонин, дуурсах бүхнээр дүүрэн болж өндөрлөлөө. Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд дархан аварга цол хүртээд дөрөв хоноод, төрийн баяр наадамдаа найман жил зодоглоогүй Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Агваансамдангийн Сүхбат зодоглосноороо онцлог боллоо. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр, улсын аварга Одвоогийн Балжинням, Сүхбаатарын Мөнхбат, Гунаажавын Эрхэмбаяр гээд таван аварга цолтон, улсын арслан зургаа, гарьд тав, заан 12, харцага 20, начин цолтон 53 зодоглолоо. Харин аймаг, цэргийн арслан 92, заан 20, харцага 17, начин 59, 221 залуу бөх хүч үзлээ.

Нэгийн давааны эхэнд хоёр дархан аваргын хэн нь зүүний маг­найд гарч 512 бөхийг магнайлах вэ гэдэг нь олны сонирхлыг татав. А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар зүүний магнайд гарахын тулд нэлээдгүй маргаж, бөхийн холбооны дэд тэргүүн соёлын гавьяат зүтгэлтэн Д.Данзан Г.Өсөхбаярыг зүүний магнайд босох ёстой гэсэн ч гаргасан амжилтаараа А.Сүхбат босох нь гарцаагүй гэнэ. Удтал маргаан болсны эцэст олон жилийн дараа хүрэн дээлээрээ гангарч төрийн наадмынхаа дэвжээнээ зодоглохоор болсон Сүхбатыг магнайлуулахаар болов. Зүүний магнай зүгээр ч нэг ирээгүй бөгөөд А.Сүхбат аварга зодог тайлж буйгаа зарладаг жилээ малгайгаа нүүр рүүгээ дараад уйлж буй дүр зургийг одоо ч бид мартаагүй. Тэгвэл яг ийм дүр зураг зүүний магнайд гаргуулахгүй гэх үед гарсан байна. Түүний шавь нар Ө.Даваабаатар тэргүүтэй бөхчүүд ирж багшийгаа тайвшруулж харагдсан. Нэгийн даваанд улсын өндөр цолтой бөхчүүд учраа бөхчүүдээ төвөггүй өвдөглүүлсэн ч цөөн хэдэн улсын цолтон тахим буулгасан ч таавар эвдэх хэмжээний барилдаанууд биш байсан юм.

Хурц арслангууд хуйгаараа унасан хоёрын даваа

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваанд улсын гарьд И.Доржсамбуу, заан Ц.Баярсайхан, Очирын Одгэрэл, харцага Д.Батболд, улсын начин Ду.Батбаяр, У.Балжинням, Б.Заяамандах нарын улсын цолтой бөхчүүд өвдөг шороодлоо. И.Доржсамбуу, Ду.Батбаяр нарыг шөвөгт гарч барилдах байх гэж байсан ч ийнхүү хоёрын даваанд тахим буулгасан юм. Жил жилийн баяр наадмаар улсын цолонд хүрнэ хэмээн яригддаг байсан бөхчүүд оноолтоор таарч барилдав. Хоёрын давааны сүүлийн дүйзүүдэд жил бүр начин цолны тааварт багтдаг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат аймгийн хурц арслан Алтангэрэлийн Алтанхуяг Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн арслан Ц.Чимэддоржид тахим буулган нэлээд харамсаж байгаа харагдсан. Харин Улсын начин Төрөөгийн Баасанхүү аймгийн арслан Бат-Оршихыг хөнгөхөн хонгодчихоод туг тойрлоо. Өнөө жил ногоон дээлээр гангарсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат аймгийн арслан Б.Дэлгэрсайхан Завхан аймгийн Шилүүстэй сумын харьяат Сүхбатыг бариа зөрүүн дээрээс тэнгэр харуулан төрийн есөн хөлт цагаан тугаа хоёронтоо тойрсон юм. Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат аймгийн арслан Б.Суманчулуун Отгоннямыг өвдөглүүлсэн бол Баян-Өлгий аймгийн ганц найдвар гэгдээд буй аймгийн арслан Еркеболан улсын начин Д.Багахүүг чанга гэгчийн савчихаад дэвж яваа харагдлаа. Улсын харцага Ц.Содномдоржийн хүргэн Увсын хурц арслан Оюуны Гантулга Өмнөговийн Дарханбатад унасан бол Сүхбаатар аймгийн Онгон су­мын харьяат хурц арслан Ша­рын Мөнгөнбаатар Баянхонгор айм­гийн арслан Болдын Эрдэнэхүү нарын барилдаан сонирхолтой болон үргэлжилсэн юм. Хоёр бөхийн барилдааны цаг дуусч барьц сонгоон дээрээс хоёулаа нэг нэг удаа алдан Эрдэнэхүү арслан дахин барьц сонгохын тулд 20 гаруй минутыг зарцуулав. Аргаа барсан гарын даа Хайдав арслан хөлийн цэц Д.Мягмар заан дээр очин “Энэ хоёр барилдахгүй нь ээ. Шууд хасчихъя” гэхэд Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат Доёдын Бадрах начин уг саналыг дэмжиж “хас, хас” хэмээн уухайлав. Шодооны барьцан дээрээ нэлээд удсаны эцэст залуу арслан Мөнгөнбаатар ахыгаа унагачихаад дэвж одлоо. Баян-Өлгий аймгийн арслан Баатарцол аймгийн арслан, чөлөөт бөхийн ОУХМ Г.Ганзоригийг хонгодож цацчихаад цааш явлаа. Аймгийн арслан Батням ижил цолтой бөх болох Хадбаатарыг, аймгийн арслан Б.Батжаргал Ганзоригоор, аймгийн арслан Золбоо засуул, хөлийн цэцийн дэмжлэгтэйгээр аймгийн хурц арслан Бат-Очирын Одгэрэлийг давсан юм. Уг барилдааны дараа хурц арслан нүдэндээ нулимстай хөлийн цэцийн ард сууж байхад нутгийнх нь аймгийн арслан Дэлгэрсайхан ирээд дагуулан явлаа. Жил бүрийн баяр наадмаар баараггүй начин гэгддэг Б.Одгэрэл арсланд хүндхэн байсан нь гарцаагүй. Учир нь Б.Одгэрэл арслан ухарч явахдаа засуулын хөлд тээглэн унасан юм. Энэ барилдаан цэнгэлдэхийн зүүн талд болсон. Харин цэнгэлдэхийн баруун талын мухарт хоорондоо хов ярьж суусан хөлийн цэцүүдээр түүний хувь заяаг шийдүүлсэн нь даанч харамсалтай. Сүүлийн үед улсын цолтны бүлд багтана гэгдээд буй О.Хангай Занданбат арслангаар, аймгийн арслан Лхагвын Лха-Очир Архангайн Батцэнгэлийн уран барилдаант Л.Шинэбаатар арсланг орхисноор гурвын даваанд барилдах эрхээ авсан юм. Үнэндээ хөлийн цэц, засуулууд хэдэн сайхан аймгийн арслангийн хувь заяагаар тоглосон гэдгийг бөх үзэгчид хэлж байлаа. Хөлийн цэцийн ахлах Д.Мягмар заан аргаа барахаараа урдаа байгаа ногоон дотуур холбоогоороо бөхийн холбооны удирдлагуудтайгаа хэрхэх талаар зөвлөлдөж байгаа харагдсан шүү. Тэнцүү шахам унасан барилдааныг дахиулахын оронд үзэмжээрээ шууд тахим ч авахуулахгүй туг тойруулж байгааг харсан үзэгчид бухимдаж байлаа. Хоёрын даваан хурц арслангуудаас Төв аймгийн арслан Батчулуун ганцаараа гурвын давааны босго алхсан юм.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат улсын харцага Т.Өсөх-Ирээдүй Увсын аймгийн харцага Элбэгбаяртай барилдав. Элбэгбаяр харцага наадмын дэвжээнээс ухаан жолоогүй ухран гүйсээр үзэгчдийн өмнө тулж ирлээ. Тэр бүрд Өсөх-Ирээдүй харцага хөөж байгаа харагдав. Увс аймгийн Давст сумын харьяат Э.Элбэгбаяр харин Өсөх-Ирээдүй харцагын нүүр рүү цохиод авлаа. Түүний энэ үйлдлийг барилдааны үед гарсан санаандгүй зүйл гэж цагаатгаж болох ч Элбэгбаярын хувьд барилдаан болгон дээрээ зугтдаг гэдгээрээ алдартай бөх билээ. Хөлийн цэцийн шийдвэрээр улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг давуулах шийдвэр гаргасан юм. Учир нь Элбэгбаяр барилдахгүй байсан тул хөлийн цэц ийн шийдвэрлэжээ. Харин барилдахгүй байсан Элбэгбаяр энэ шийдвэрийг сонсоод улсын харцагын араас чиргүүл шиг чаргууцалдав. Улсын харцага Өсөх-Ирээдүйг давуулан туг тойрууллаа.

Дархан аварга дархан аваргаа амалсан ам буюу А.Сүхбатын зангарга

Төрийн их баяр наадмын нэгийн давааны эхэнд А.Сүхбат, Г.Өсөхбаяр аварга нарын хэн нь зүүний магнайд босох вэ гэдэг нь хэл амтайхан байсан билээ. Энэ бүхэнд цэг тавих гэсэн мэт гурвын давааны хамгийн эхэнд Монгол Улсын дархан аварга А.Сүхбат, дархан аварга Г.Өсөхбаярыг амласан ам байлаа. Жижиг аваргын энэ шийдвэрийг хэн ч тааварлаж байгаагүй бөгөөд аманд очсон Г.Өсөхбаяр аварга ч гэсэн ууртай байгаа харагдсан. А.Сүхбат аваргын амыг буцаалгах гэж олон хүн очиж түүнд нөлөөлөх гэсэн боловч тусыг эс олов. Энэ хэвээр удалгүй гурвын даваа эхэлж дархан аварга А.Сүхбат Г.Өсөхбаяртай барилдахын өмнө шууд л элэг бүсээ тайллаа. Г.Өсөхбаяр аварга энэ бүхнийг тооцоолоогүй байсан тул тахим авах дургүй байгаагаа илтгэв.

А.Сүхбат аварга энэ үйлдлээ “Монгол бөхөд ёс жудаг эрэмбэ гэж бий. Цаашлаад хэдхэн хоногийн өмнө адилхан дархан аварга цол хүртсэн Өсөхөөдөө хүндэтгэл үзүүлсэн юм” хэмээн тайлбарлав. Дархан аварга дархан аваргаа амалсан тохиолдол өмнө бараг байгаагүй байх. Жил жилийн наадмын гурвын даваанд бөхийн цол дуудуулах мэт энэ амын талаар ярьцгаана гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэ даваанд улсын аварга О.Балжинням улсын харцага Чулуунбаатарыг, С.Мөнхбат аварга аймгийн начин Мөнхдоржийг амлан даваагаа ахиуллаа. Завханы Их-Уулын Б.Гончигдамба гарьд Отгонбаатараар, улсын арслан П.Бүрэнтөгс аймгийн начин Ариунмөрөнгөөр гурав давлаа.

Аймгийн арслан Бат-Отгон Т.Өсөх-Ирээдүй харцагын нүүр лүү дэлсэв

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхлэхэд Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяртай оноолтоор таарсан аймгийн арслан Баасандорж аваргын хөл рүү дохиод буцав. Гэсэн ч аварга түүнийг төвөггүйхэн өвдөглүүлээд туг тойрлоо. Архангайн Цэнхэрийн аймгийн арслан М.Бадарч улсын аварга О.Балжиннямыг давснаар улсын начин цолонд хүрэхэд нэг даваа үлдлээ. С.Мөнхбат аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьдыг төвөггүйхэн өвдөглүүлэв. Г.Эрхэмбаяр аварга бяраар ааглан аймгийн арслан Ганболдыг мушгиад давлаа, улсын арслан Б.Ганбат аймгийн арслан Ганбаатараар дөрөв давав. Улсын гарьд Н.Ганбаатар Баянхонгорын аймгийн арслан Золбоотой, заан Т.Санчир аймгийн арслан Лхагвын Лха-Очиртой, Чимэдрэгзэнгийн Санжаадамба аймгийн арслан Баатарцолтой, Соронзонболд заан Бадамсүрэнтэй Бат-Орших харцага Сэлэнгийн аймгийн арслан Дэлгэрсайхантай, улсын харцага Содномдорж улсын начин Цэрэнтогтохтой барилдсан юм. Энэ даваанд уран барилдаант хоёр бөх оноолт таарсан нь харцага Ө.Даваабаатар улсын начин Б.Пүрэвсайхантай оноолт таарчээ. Улсын гарьд Д.Рагчаа аймгийн арслан Чимэддоржийг давлаа. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын гарьд Б.Гончигдамба аймгийн арслан Дарханбатын ард нь гарч өвдөглүүллээ. Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын заан Ч.Санжаадамба аймгийн арслан Баатарцолоор дөрөв давлаа. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан Еркеболанаар даваагаа ахиуллаа. Улсын харцага Н.Түвшинбаяр улсын начин Одбаяртай барилдаж талбайн зах руу нэлээд хөөж яваа харагдана.

Аймгийн арслан Баасандорж Бүрэнтөгсөөр дөрөв давж олны уухайтай туг тойрсон юм. Аймгийн арслан Золбоо Н.Ганбаатар гарьдад тахим буулган наадмыг өндөрлүүлэв. Аймгийн арслан Л.Лха-Очир Т.Санчир заанаар даваагаа ахиулж тавын даваанд гарахаар боллоо. Өвөрхангайн улсын заан Б.Сайнбаяр улсын начны тааварт явсан аймгийн арслан О.Хангайг давсан бол улсын заан Б.Батмөнх мөн дөрөв давж туг тойрсон юм. Аймгийн арслан Дэлгэрсайхан Ө.Бат-Орших харцагад уналаа. Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр Өмнөговийн Ц.Одбаяр начныг хөлийн цэц, засуул, цагдаа нарын хамгаалалтад давчихлаа гэж бөх үзэгчид дургүйцлээ илэрхийлж цэнгэлдэх даяар “Одбаяр, Одбаяр” хэмээн орилоход хүргэв. Хөлийн цэц, засуулуудын бөхчүүдийн хувь заяагаар тоглосоор байгаад хүмүүс бухимдаж байлаа. Ард түмний бухимдал дээд цэгтээ ирэх үед Одбаяр начин эргэхэд хүмүүс алга ташин угтсан ч тэрбээр тахимаа өгөөд үзэгчдийн зүг эргэлээ. Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслан Базаргүрийн Бадамсүрэн Соронзонболд зааныг, Ц.Содномдорж харцага Цэрэнтогтох начингаар даваа авлаа. Аймгийн арслан Бат-Отгон улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн нүүр рүү хар мундагаараа дэлсээд авлаа. Барилдааны явцад Өсөх-Ирээдүй харцага Бат-Отгоны гарыг хөшсөн аж. Цагаан сарын барилдаанд Содномдорж харцагад гараа хөшүүлсэн гарьд Б.Гончигдамба зүгээр л зогсож байсан. Харин улсын цолонд хүрээгүй бөхчүүдийн хувьд ёс жудаг гээчийг холоо гээсэн харагдав. Энэ үед хөлийн цэц, засуулууд гэж үнэндээ юугаа ч мэдэхгүй тойрч гүйгээд байгаа нь хүмүүст таалагдсангүй. Улсын цолонд зүтгэж яваа ч гэсэн аймгийн арслангууд улсын цолтой бөхчүүдийгээ нүүр нүдгүй цохиод байж болохгүй биз ээ. Энэ мэт зохисгүй үйлдэл гаргасан бөхчүүддээ цаашид арга хэмжээ аваарай хэмээн үзэгчдийн суудлаас хүмүүс орилж Т.Өсөх-Ирээдүй харцагыг дэмжиж байлаа. Энэ наадмын түрүү бөх Н.Батсуурь улсын начин Сангисүрэнгээр дөрөв давлаа. Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ Булганы аймгийн арслан Бат-Эрдэнээр барьц сонгоон дээрээс давж түмэн олныг баясгалаа.

Ч.Батчулуун, Л.Лха-Очир, Н.Адъяабат, Б.Суманчулуун, Б.Бадамсүрэн нар Монгол Улсын начин цол хүртлээ


Баяр наадмын жил бүрийн тавын даваа олны анхаарлын төвд байдаг. Ямар бөхчүүд үнэн хүчээрээ улсын цолонд хүрч, ямар бөхчүүд нь дэмжлэгтэйгээр улсын цолны босго давах бол гээд л. Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын дархан аварга Г.Өсөхбаяр нутгийн бөх Архангай аймгийн Тариат сумын харьяат аймгийн арслан Н.Адъяабатыг амлан барилдахдаа баруун ташаагаа тавьж өгсөөр байв. Төд удалгүй Адъяабатын аваргын баруун хөлд хавирахад дархан аварга тэссэнгүй. Н.Адъяабат улсын цолонд ийн хүрлээ. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан Баасандоржийг халз хутган гэдрэг нь харуулав. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Аврага спорт хорооны бөх улсын аварга Г.Эрхэмбаяр улсын начин Ш.Жаргалсайханыг амлан уначихав. Үзүүр түрүүнд баараггүй үлдэнэ гэж байсан аварга Эрхэмбаяр өвдөг шороодсоноор бөхийн таавар нэлээдгүй будилж эхэлсэн юм. Өвөрхангайн улсын арслан Д.Ганхуяг Завханы Алдархааны аймгийн арслан Лхагвын Лха-Очирыг амласан ч тахим буулгаснаар Лха арслан улсын начин боллоо. Улсын арслан Б.Ганбат аймгийн арслан Базаргүрийн Бадамсүрэнг амлан бариа зөрүүн дээрээс зайлаанд нь явчихлаа. Ингэснээр Бадамсүрэн өнөө жилийн улсын начнуудын салхийг хагаллаа. Х.Мөнхбаатар арслан аймгийн арслан Бадарчийг халз хутгаад өвдөглүүлэв. Д.Азжаргал арслан улсын заан Баасандоржоор давлаа. Улсын гарьд Дамбын Рагчаа улсын начин Ж.Нямсүрэнгээр тав давж шөвгөрсөн бол улсын гарьд “өндөр” Н.Ганбаатар улсын начин Чотонгийн Баянмөнхийг давснаар их шөвөгт шалгарсан юм. Ч.Санжаадамба заан Хөдөлмөрийн баатар, улсын харцага Н.Түвшинбаяраар тав давж түмэн олныг баясгалаа. Ж.Бат-Эрдэнэ гарьд Говь-Алтайн Тонхилын Б.Суманчулууныг амлан тахим буулгасан юм. Б.Суманчулууны хувьд Жанцангийн Бат-Эрдэнэ гарьдын удирдлага дор өнөө жилийн наадмын бэлтгэлээ базаасан билээ. Ингэснээр олон жил начны тааварч байсан Балжиннямын Суманчулуун улсын начин боллоо. Улсын гарьд Гончигдамба Таванханы улсын харцага Т.Өсөх-Ирээдүйг давав. Аймгийн хурц арслан Ч.Батчулууныг улсын заан Б.Сайнбаяр амлаад байсан. Барилдаан удааширсан тул хаялцах барьцыг улсын заан авсан юм. Гэсэн ч барилдааны дүнд нөлөөлөөгүй тул Батчулуун арслан барьц сонгоод ч давалцсангүй. Барилдааны төгсгөлд хурц арслан зааныг орхисноор улсын начны цолд багтлаа.

Улсын харцага Намсрайжавын Батсуурь улсын харцага Ө.Бат-Оршихыг гуд татан өвдөглүүлэв. Улсын начин Рэнцэнбямбын Пүрэвдагва Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнхийг орхин начин цолоо баталлаа. Энэ барилдаанд улсын харцага Цэдэвийн Содномдорж, улсын начин Б.Пүрэвсайхан нарыг хэн ч амлалгүй тунасан. Уг барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харьяат Улсын начин Б.Пүрэвсайхан харцага Ц.Содномдоржийг давснаар улсын начин цолоо баталлаа. Монголын Залуучуудын холбоо хамгийн залуу улсын начин цолтонд олгодог хурдан удмын даагаа Тод манлай уяач Д.Ононгийн адуун сүргээс барьж ирсэн бөгөөд өнөө жил Б.Бадамсүрэн начинд олгосон юм.

Ш.Жаргалсайхан хоёр аваргыг дараалан орхиж, Б.Пүрэвсайхан харцага цол хүртсэн зургаагийн даваа

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Увс аймгийн Ховд сумын харьяат улсын аварга С.Мөнхбат Завхан аймгийн Идэр сумын харьяат өсөх идэр начин Ширбазарын Жаргалсайханыг, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар шинээр Улсын начин цолны болзол хангасан Архангай аймгийн Тариат сумын харьяат Н.Адъяабатыг, Д.Азжаргал арслан улсын начин Б.Пүрэвсайханыг, Улсын гарьд Д.Рагчаа аймгийн арслан Л.Лха-Очирыг, Улсын гарьд Н.Ганбаатар аймгийн хурц арслан Ч.Батчулууныг, Улсын гарьд Гончигдамба аймгийн арслан Б.Суманчулууныг, Улсын заан Ч.Санжаадамба аймгийн арслан Бадамсүрэнг тус тус амлаж Улсын харцага Н.Батсуурь Улсын начин Б.Пүрэвдагва нар туналаа. Улсын арслан Д.Азжаргал Улсын начин Б.Пүрэвсайхан нарын барилдаанд залуу начин илүү байж арсланг давснаар улсын харцага цолны болзол хангалаа. Харин Улсын гарьд Б.Гончигдамба шинээр Улсын начин цол хүртсэн Говь-Алтай аймгийн Б.Суманчулууныг, Улсын гарьд Н.Ганбаатар шинээр Улсын начин цол хүртсэн аймгийн хурц арслан Төв аймгийн Баянхангайн Ч.Батчулууныг тус тус давж зааны буюу долоогийн даваанд гарч ирлээ. Тунаж барилдсан бөхчүүдээс Увсын Ховд сумын улсын харцага Н.Батсуурь Архангайн Булганы Р.Пүрэвдагвыг илүүрхэн давснаар улсын харцага цолоо баталлаа.

Н.Батсуурь заан болж, Архангайн Санжаа Завханы Гончигийг шороодуулав

Баяр наадмын долоогийн даваа үнэхээр үзүүштэй болсон бөгөөд энэ даваанд тунасан Завханы гарьд Б.Гончигдамба Архангайн заан Ч.Санжаадамба нарын барилдаан маш сонирхолтой боллоо. Хоёр бөхийн барилдаан тун ч ширүүхэн болж эцсийн мөчид эн тэнцүү газардсан юм. Монгол бөхийн “мэргэн бөөдий” болох засуул хөлийн цэцийн шийдвэрээр заан Архангайнханд даваа өгсөн нь мэдээж Завханыханд таалагдсангүй. Гончигдамбыг дэмжигчид дургүйцлээ илэрхийлэв. Гончиг гарьд ч гэсэн есийн даваа эхэлтэл хөлийн цэцийн дэргэд байж учир байдлаа хэлээд тусыг эс олов. Ингэснээр залуу заан Санжаадамба цолоо баталж чадлаа.

Архангайн Булган сумын харьяат Д.Рагчаа гарьд Увсын Ховдийн Н.Батсуурь нарын барилдаан шахааны барьцнаас өндөрлөв. Энэ даваанд Увсын харцага Архангайн гарьдыг илүүрхсэнээр заан цолны болзол хангалаа. Оюутан ахуй цагийн нэг анги, дотуур байрны нэг өрөөнд хамт амьдарч байсан бөхчүүд бие биенээ амалсан нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Хадбаатарын Мөнхбаатар Зав­хан аймгийн Идэр сумын харьяат улсын өсөх идэр начин Ш.Жар­галсайханыг амалсан явдал байв. Ноднингийн наадмын тавын даваанд арслан Х.Мөнхбаатар мөн Ш.Жаргалсайханыг амлан барилдаж давж байсан билээ. Энэ удаагийн барилдаанд Жа­гаа начин хариугаа авч давсан бол Х.Мөнхбаатар арслан та­хим буулгахгүй гэж хэсэг тээ­нэгэлзсэнээ элэг бүсээ тайлснаар өрөөнийх нь найз улсын заан боллоо. Харин “өндөр” Ганбаа гарьд шинээр харцага цолны болзол хангасан Ховдын Булганы Пүрэвсайханыг шуудагны барьц­наас илүүрснээр гарьд цолоо батлах даваанд тулж ирснээр долоогийн даваа өндөрлөв.

Шахаж татах, зүүн тахимдах мэхүүд үзүүр түрүүнд авч ирлээ

Наймын давааны барилдаанд Архангайн Хашаатын “баавгай” хэмээх заан Санжаадамба Увс аймгийн Ховд сумын харьяат Улсын харцага Билэгийн Намсрайжавын хүү заан цолны болзол хангаад байсан Батсуурьтай тунан барилдсан билээ. Барилдааны туршид заан Санжаадамба илүүрхсэн ч зүүн давхар шуудагнаас Увсынхан илүү гэдгээ баталж Санжаадамбыг шуудагнаас шахаж эргүүлснээр Намсрайжавын Батсуурь улсын гарьд цолны болзол хангалаа. Харин Завханы Идэрийн Ширбазарын Жаргалсайхан Говь-Алтайн Тонхилын Нямдоржийн Ганбаатарын зүүн хөлийг тахимдсанаар үзүүр, түрүү булаалдахаар болсон. Ингэснээр төрийн наадмын үзүүр түрүүнд улсын начин, харцага цолтой бөхчүүд түрүү булаалдахаар болсон.

Намсрайжавын Батсуурь төрийн наадамд анх удаа түрүүллээ


Есийн давааны бөхчүүдийг зүүн, баруун талын засуулуудаа ханаруулан гарч ирэх мөчид үзэгчдийн сэтгэлд альхан нутгийн бөх түрүү бөхөөр тодрох вэ гэдэг хүлээлт үүслээ. Ноднин жил Завханы Б.Гончигдамба үзүүрт үлдэж Сэлэнгийн аваргад тахим буулгаж байсаан. Тэгвэл өнөө жил Увс аймгийн Ховд сумын удамд бөх Батсуурь түрүү булаалдахын тулд тун их хичээв. Өндөр давааны хариуцлагатай барилдаанд Завхан аймгийн Идэр сумын харьяат Ш.Жаргалсайхан Увс аймгийн Ховд сумын харьяат улсын харцага Намсрайжавын Батсуурь нар тун хийгүй барилдаан хийсэн. Хүндхэн барилдаануудын ард гарч энэ даваанд хүрсэн Батсуурь харцага илүү гэдгээ баталж Увс нутагтаа нэгэн түрүү, цэнгэлдэхэд Увс нуур дуугаа аялах боломжийг олгосон юм. Тэрбээр өнөө жил түрүүлснээр арслан цол хүртсэн бол Завханы бөхчүүд хоёр жил дараалан гарьд цолонд хүрлээ. Н.Батсуурийн түрүү Увс аймгийн 15 дахь түрүү байлаа. Түүнээс өмнө дархан аварга Х.Баянмөнх 10, улсын аварга С.Мөнхбат хоёр, улсын арслан Б.Ганбат, П.Бүрэнтөгс нар нэг нэг удаа түрүүлээд байсан билээ.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *