Ойрын өдрүүдэд орсон хүчтэй, усархаг борооны улмаас голын усны төвшин нэмэгдэж, голын эрэг дагуу амарч зугаалж байгаа хүмүүс усанд хөл алдах, гарамгүй газраар гол гатлахдаа автомашинтайгаа урсах зэрэг аюулд өртсөөр байгааг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Нийслэлийн аврах ангийн эрэн хайх, аврах шуурхай салбарын бүлэгт 2014 он гарсанаас хойш өнөөдрийг хүртэл гол усны холбогдолтой аврах ажиллагааны 38 дуудлага ирснээс голын усанд осолдсон 47, аварсан 37, усанд осолдож амиа алдсан 10 хүний цогцосыг эрэн хайж гаргасан байна. Золгүй байдлаар амь насаа алдаж байгаа ихэнх тохиолдлууд нь амралт зугаалгаар явж байгаа иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орсонтой холбоотой байна. Иймд голын сав болон голын эрэг дагуу суурьшиж зусч, аялал зугаалгаар явж буй иргэдийг үер усны аюулаас болгоомжилж, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүйгээр гол руу явуулахгүй байх, голын эрэг орчмын газарт тоглуулахгүй байх, баталгаат зам гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй байхыг сэрэмжүүлж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.