Categories
мэдээ

“Өдрийн сонин”-ны пүрэв гаригийн дугаар хэвлэгдлээ

Уншигч та бүхэн сайхан наадацгаав уу. Уншигч таны гарт “Өдрийн сонин”-ны улсын баярын дараахь дугаар хүрч байна. Дугаарын тэргүүн нүүрээс улсын баяр наадмаас хийсэн хурдан морь, хүчит бөхийн сурвалжлагыг хүргэлээ. Энэ сурвалжлагаас бөхийн барилдааны сонин, содон үйлдлүүд хийгээд хурдан морьдын шандас, гарал угсаа гээд сонирхож болох бүхнийг та бүхэн унших боломжтой. Хэдийгээр наадамлаад тун завгүй явсан ч хүн бүр хөл бөмбөгийг сонирхож байсан. Дэлхийн түүхэнд бичигдэх энэ үйл явдлыг манай сонин мөн сурвалжлан нийтэлж байгааг уншаарай. 

Харин улс төрийн мэдээллийн нүүрт өнгөрсөн хаврын турш яригдаж өнөө ч хүн бүрийн шүдний өвчин болоод байгаа эдийн засгийн нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй хийсэн ярилцлагыг унших боломжтой. Тэрчлэн энэ буланд баяр наадмыг нээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг, Монгол Улс ШХАБ-ын гишүүн орон болох боломжтой болж буй, улстөрчдийн наадмын гангараа гээд сонин содон мэдээллүүд хэвлэгдсэн. Харин нийтлэлийн бодлогыг тодорхойлдог гутгаар нүүрт “Хямралын нүхэн гарц” нийтлэлийг нэрт фельетонч Б.Цэнддоо хэвлүүлжээ. Тэрээр энэ удаа “Эндүүрч үл дуусах хорвоо юм аа. Энэ Эрүүлийг хамгаалах яамыг чинь манийгаа эрүүл байвал л баярладаг юм санасан чинь, биш ээ. Далаад оны нэг дуунд “харах нүд минь эндүүрчээ” гэж хардаг нь олон юмыг зөгнөсөн байж. Өмнөх сайд нь ДОХ нэгээр нэмэгдэх бүрт хүлээн авалт хийдэг байж билээ. Сая гахайн томуу гарснаас хойш ёстой цог заль бадрав гээч боллоо. Гахайн томуу ч гэж гахайн томуу. Гахай мундсан биш хүнд бүхрч байдаг нь ч юу билээ” хэмээн эхэлснийг цааш уншихад нэгийг өгүүлж, элгийг эмчилнэ. 

Харин гэмт хэргийн мэдээллийг хүргэдэг буланд өнгөрсөн баярын өдрүүдэд хэрэг зөрчил багатай, осол аваар ихтэй байсныг хүргэж байна. Тэрчлэн кино ертөнц, баяр наадмын эргэн тойрноос хийсэн сурвалжлага, дэлхий дахины мэдээлэл, Эх орон сумаас эхэлнэ нийтлэл гээд олон өөр өнгө, олон төрлийн мэдээллийг багтаасан сонин хэвлэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *