Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас баяр наадмын үед худалдаа үйлчилгээнд ажиллах 206 аж ахуйн нэгжийн нийт 2891 хүний эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан байдалд хяналт хийхэд 98,3 хувь нь хамрагдсан байсан бөгөөд шинээр 1492 хүнийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулжээ. Зөвшөөрөлгүй газарт малын худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд эрчимжүүлсэн шалгалт хийж мал худалдаалах нэгдсэн түр цэгийг зохион байгуулж байнгын хяналт тавьж ажиллан 132 зөрчил илрүүлэн арилгуулжээ.
7 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд үйл ажиллагаа явуулж буй 1666 цэгт хяналт хийснээс, нийтийн хоолны 1202, худалдаа үйлчилгээний 456, цэвэр усны сан, бие засах газар зэрэг цэгүүдэд хяналт тавьж, шалгалтын явцад нийт 433 зөрчил илрүүлж, газар дээр нь 225 зөрчлийг арилгуулж ажилласан байна. Баяр наадмын үеэр хоол хүнстэй холбоотойгоор хоолны хордлого, хордлогот халдвар гараагүй бөгөөд ХӨСҮТөвөөс авсан мэдээгээр хоолны хордлого гэсэн оноштой өвчтөн бүртгэгдээгүй байна.
Шалгалтаар махны 61, айрагны 23, нийт 84 дээж авч, улсын байцаагчийн 24 дүгнэлт гаргаж, хадгалалт, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон 62.5 кг мах, махан бүтээгдэхүүн, 7 кг гурил, 22 л айраг, 105 ш хуушуур, 36 ш өндөг зэрэг нийт 9 нэрийн 176ш, 645300 төгрөгийн бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн 9 акт үйлдэн хураан авч, устгуулах арга хэмжээ авч, илэрсэн зөрчлийг үндэслэн 7 иргэнд 786,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, зөвшөөрөлгүйгээр төв цэнгэлдэхээс 120 мянгатын автобусны буудал хүртэлх замд гар дээрээс хоол хүнсний бүтээгдэхүүн, айраг худалдан борлуулж байсан 28 иргэний үйл ажиллагааг НЦГ-тай хамтран таслан зогсоожээ.
Төв цэнгэлдэхийн харьяа нийтийн бие засах газраас хуушуурын үйлчилгээ эрхэлж буй иргэдэд сав суулга угаах цэвэрлэх ус /хлоржуулсан/ түгээж байсан зөрчлийг таслан зогсоолоо гэж Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ.